Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд Баян-Өлгий аймагт долоон хүүхэд зам, тээврийн осолд өртөж, гурав нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 1-ний 05.00 цагийн орчимд БаянӨлгий аймгийн Өлгий сумд “Зам, тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүний дагуу аймгийн Цагдаагийн газраас шалгалтын үйл ажиллагаа явуулж буй юм. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй, 17 настай хүүхэд төрсөн ахынхаа эзэмшлийн “Приус-20” маркийн автомашиныг жолоодож яваад осол гаргасан нь тогтоогдсон байна. Тус автомашин бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй, замын хажуу руу онхолдсон гэнэ.
Осолд өртсөн дөрвөн хүүхэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан боловч харамсалтай нь, жолоо барьж явсан 17 настай хүү өчигдөр амьсгал хураажээ. Бусад хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Ташрамд дуулгахад, сургууль, цэцэрлэг амарсан үед эцэг, эхийн хараа хяналт суларч, хүүхдүүд зам, тээврийн болон ахуйн осолд өртөх явдал нэмэгддэг учир анхаарал болгоомжтой байхыг ТЦА-наас сэрэмжлүүлэв.
Ч.Туяа