Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан хамтран мэргэжлийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаанд телевиз, сонин, сайтын сэтгүүлчид олон бүтээл ирүүлсэн бөгөөд өчигдөр шилдгүүдээ шалгарууллаа. Тэд хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн хор хөнөөл, нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх зэрэг өргөн хүрээний сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага зэрэг сэтгүүл зүйн бүтээлийг олон нийтэд хүргэжээ.
Энэ онд хавдрын эсрэг анхаарал хандуулах өдрийг “Бидний түүх биднийг нэгтгэнэ. Хүн төвтэй тусламж, үйлчилгээ” уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүний хүрээнд зохион байгуулсан уралдааны хэвлэмэл бүтээлийн төрөлд манай сонины сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэгийн “Шинжлэх ухаанаас зөрүүдлэхээ больё” бүтээл тэргүүн байрт шалгарч, цомын эзэн боллоо. Тэрбээр “Өнөөдөр” сонинд сэтгүүлчээс эхлээд Чөлөөт цаг, танин мэдэхүйн албаны дарга хүртэл 10 гаруй жил үр бүтээлтэй, үлгэр жишээ ажиллаж буй юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Өнөөдөр” сонин Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон хорт хавдраас сэргийлэх, бодлогын түвшинд хүргэх асуудлаар акц өрнүүлж, асуудал дэвшүүлсэн нийтлэл, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн билээ.
Уралдааны видео бүтээлийн шилдгээр МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бямбалхагвын “Хав-дар” асуудал дэвшүүлсэн дөрвөн цуврал нэвтрүүлэг шалгарлаа. Мөн тусгай байрт Gogo.mn сайтын сэтгүүлч Э.Энхмаагийн “Эверест намайг дуудаж байх шиг санагддаг”, Tusgal.mn сайтын сэтгүүлч Ч.Баяржаргалын “Гепатит вирус ба хорт хавдар” бүтээлүүд шалгарсан юм. Шилдэг бүтээлийн эзэд болон нийт оролцсон сэтгүүлчид Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХСҮТ-ийн ерөнхий захирал М.Адилсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар талархал болон дурсгалын зүйл гардууллаа. Мөн энэ үеэр Эверестэд мөрөө гаргасан, хавдрын даван туулагч Б.Батхишигийг ХСҮТ-ийн хүндэт тэмдгээр шагнав.
Ч.БОЛОР