Нийслэлд өнгөрсөн сарын 24-нд болсон “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган хүн оролцон 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон. Тэдэнтэй хамт Кени, Этиоп, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улсын тамирчин өрсөлдсөн нь тун содон байлаа. Уг уралдаан нь хотын хэмжээнд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээний нэг хэдийч энэ удаа төсөөлөөгүй өргөн хүрээг хамрав. Марафоны холын зай болох 10, 21 км-ийн зайд оролцсон тамирчдаас Увс аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Мөнхзаяа, Б.Мөнхтуяа өсвөр үеийн ихэр тамирчин хичээлээсээ нэг сарын чөлөө авч, Улаанбаатарт ирсэн даруйдаа “Mongolian elite runners” клуб, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нарын удирдлагад шаргуу бэлтгэл хийж оролцсон. Энэ удаа дүү Б.Мөнхзаяа нь 10 км-ийн зайд түрүүлж, эгч Б.Мөнхтуяа нь 21 км-ийн уралдаанд шагналт IV байрт шалгарсан билээ. Ихрүүд Дорнод аймгийн Чойбалсан хотод өнгөрсөн онд болсон хөнгөн атлетикийн 17 хүртэлх насныхны УАШТ-ий 5000, 1500 метрийн зайн төрөлд сумаа төлөөлж оролцсоноос Б.Мөнхзаяа алт, мөнгө, Б.Мөнхтуяа мөнгө, алтан медальтай нутаг буцсан. Тэд тус тэмцээний дараа “Улаанбаатар марафон-2024”-д “тоос өргөж”, 5000 метрийн зайд Б.Мөнхтуяа мөнгө, Б.Мөнхзаяа хүрэл медаль гардсан амжилтаар тэр жилээ “Шилдэг тамирчин”, “Аймгийн онцлох хүүхэд”-ээр шалгарч байв.
-“Улаанбаатар марафон-2025”-д хурд сорьсон оролцогчдоос ихэр тамирчид олны анхаарлыг ихэд татсан. Та хоёрыг хичээлээсээ чөлөө авч, нийслэлд ирсэн даруйдаа нэг сар бэлтгэл хийж, өрсөлдсөн гэж шигшээ багийнхнаас сонслоо.
Б.Мөнхзаяа: -Тийм ээ. Бид Увс аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11a ангийн сурагч. Хөнгөн атлетикаар хоёр дахь жилдээ хичээллэж байна. Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун багш нарын удирдлагад өнгөрсөн жилээс бэлтгэл хийж, аймгийн болон улсын аварга шалгаруулах гээд дотоодын томоохон тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ удаа “Улаанбаатар марафон-2025”-д амжилттай уралдахын тулд сургуулийнхаа захиралтай уулзаж, учир байдлаа ойлгуулан хичээлээс нэг сар чөлөөлүүлсэн юм. Сургуулийн маань хамт олон, багш нар, ангийн нөхөд минь биднийг сайн дэмждэг. Тэднийхээ “Аварга болоод ирээрэй” гэж ерөөсөн итгэл найдварыг нь дааж, түрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Сумаасаа том зорилго өвөртөлж Улаанбаатарт ирсэн. Санаж, бодсон бүхнээ биелүүлсэн болохоор одоо нутагтаа хурдан очих сон гэж яарч байна.
-Та хоёр өнөр олуулаа өссөн юм билээ. Аав, ээжийнхээ аль талаас ихрийн удамтай вэ?
Б.Мөнхтуяа: -Бид долоон хүүхэдтэй айлын охин. Ээжийн минь талын ах дүүс ихэр удамтай. Сумын маань биеийн тамирын багш Е.Пунцагноров, Б.Цэцэндэлгэр өсвөр үеийнхний аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд анх оролцуулснаар спортын гараагаа эхлүүлсэн. Дараа нь УАШТ-д өрсөлдөж, тамирчин болох замналд хөл тавьсан. “Улаанбаатар марафон”-д дүү минь аваргалж, харин би минь IV байр эзэллээ. Түүний амжилт надад ч гэсэн хойшид тууштай хичээллэж, зорилгодоо хүрэх урам зориг өгсөн. Өнгөрсөн жил тус марафонд анх удаа оролцож, өсвөр үеийнхний таван км-ийн зайд гүйхдээ догдолж, бас сандарсан. Тэгвэл энэ удаа туршлага чамгүй хуримтлуулж, шигшээ багийн тамирчидтай бэлтгэл сургуулилалт хийсний үр дүн гарлаа. Өнгөрсөн жил таван км-ийн уралдаанд дүү минь өөрийгөө сорьж үзье гэж оролцоод хүрэл медальтай нутаг буцаж байв. Тэгвэл энэ удаа авьяас, ур чадвараа хэрхэн ахиулснаа харуулах зорилгоор өрсөлдсөн.
-Та 21 км-ийн зайд уралдсан. Гадаад, дотоодын хүчтэй өрсөлдөгч олон байсан тул энэ удаа медалиас мултарлаа. Багш тань тамирчдаа гараанаас гарахын өмнө нь зөвлөж харагдсан даа.
Б.Мөнхтуяа: -Би өнгөрсөн жилийн марафонд өсвөр үеийнхний таван км-ийн уралдаанд оролцсон бол энэ удаа 21 км-ийн зайд гүйсэн. Хөнгөн атлетикийн тамирчдын хувьд замаа амжилттай дуусгана гэдэг бас нэг амжилт юм. Харин ихэр Б.Мөнхзаяа минь намайг гүйж байхад 10 км-ийн уралдаанд түрүүлсэн байлаа. Түүнийг тэргүүн байрны төлөө ана мана өрсөлдсөн тамирчдыг ардаа орхиж, алтан медаль хүртсэнийг сонсоод их баярласан шүү. Холын зайд уралдах нь эмэгтэй тамирчдын хувьд хүнд. Хатуужил, тэсвэр, мэдрэмж, цагийн тооцоолол гээд олон зүйл шаарддаг. Хоёр багш минь биднийг бэлтгэл хийсэн өдрүүдэд сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж, амжилт гаргах талаар байнга зөвлөж, мэддэг, чаддаг бүхнээ харамгүй хуваалцсан. Мөн шигшээ багийн эмэгтэй тамирчдаас ОУХМ Б.Мөнхзаяа эгч гараанаас гарахын өмнө гүйх замынхаа зайг сайтар тооцоолж, ямар үед хурд, хүчээ зөв тохируулах, бариа дөхсөн үед ямар тактикаар уралдахыг маш сайн ойлгуулж хэлсэн.
-Марафонд түрүүлсэн баярт мэдээг гэрийнхэндээ дуулгасан уу?
Б.Мөнхзаяа: -Манайхан намайг түрүүлснийг сонсоод их баярласан. Тэр дундаа аав, ээжийн минь урам хайрласан үг гэрээсээ хол байгаа бидэнд эрч хүч өгч, сайхан сэтгэгдэл төрүүллээ. Шагналын тавцанд медалиа зүүгээд зогсож байхад гэр бүл, найз нөхөд, ангийнхантайгаа хурдан уулзах сан гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Хүмүүс тэмцээний үед биднийг их андуурдаг. Б.Мөнхтуяаг надтай, намайг түүнтэй андуурч, нэрээр нь дуудах тохиолдол цөөнгүй. Хойшдоо насныхаа ангилалд оролцож, уралдах км-ийнхээ зайг ахиулан өмнөхөөсөө илүү амжилт гаргахын төлөө хичээнэ. Хөнгөн атлетикийн тэмцээнүүдээс марафон гүйлт хамгийн сонирхолтой. Энэ жилийн марафоны зам оролцогчдод өмнөх жилүүдийнхээс илүү таалагдаж байгаа нь уралдааны үед анзаарагдсан. 10, 21 км-ийн зайд БНСУ, БНХАУ, Япон, ОХУ-ын тамирчид хурд сорьж, тэмцээний уур амьсгалыг өрсөлдөөнтэй болгосон. Тэднээс орос тамирчны уралдах тактик их таалагдсан. Ирэх жилийн марафонд би аваргаа хамгаалж өрсөлдөнө. Улаанбаатар хотод ирээд сар гаруй хугацаанд бэлтгэл хийлээ. Тиймээс одоо анги дэвших шалгалтдаа бэлдэж, хичээл, сурлагадаа анхаарал хандуулна. Зуны амралт эхлэхээр эгчтэйгээ бэлтгэлээ эрчимтэй хийж, намар болох тэмцээнүүдэд оролцох бодолтой байна.
-Танд энэ удаагийн тэмцээн юуг их ойлгуулж, мэдрүүлэв?
Б.Мөнхзаяа: -“Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн гэдэг утгаар өргөн бүрэлдэхүүнтэй болдог. Нийслэлийн есөн дүүргээс гадна орон нутгийн иргэд, тив, дэлхийн тэмцээнд өрсөлддөг гадаадын тамирчид урилгаар ирж оролцсон нь сайхан байлаа. Тэднээс цойлж, тэргүүн байрт шалгарна гэдэг хэцүү. Тэмцээнд түрүүлж, медаль хүртэхээс илүү хүмүүс амьдралын хэв маягаа өөрчлөн, эрүүл мэндээ бодож гүйдэг болсныг хараад их бахархлаа. Энэ удаа уралдаанд өмнөх жилүүдийнхээс олон хүн оролцсоноороо онцлог болсон. Миний хувьд эх орондоо жил бүр зохион байгуулдаг марафонд хүчтэй өрсөлдөгч болох гадаадын тамирчдыг ялж, тэргүүлсэндээ баяртай байгаа. Олон газраар уралдаж, саад бэрхшээлүүдийг давж гүйх тун сонирхолтой санагдсан. “Улаанбаатар марафон” амьдралд минь баяр хөөр, медаль, баг, хамт олны амжилт гээд таатай олон дурсамж үлдээдэг болохоор бид оролцох дуртай. Энэ ташрамд, өсвөр үеийн тамирчдаа дэмжиж, тусалсан Тариалан сумын сургуулийн захирал, хамт олон, аав ээж, ах дүү, найз нөхөд, бэлтгэл хийлгэж, амжилтад хүргэсэн дасгалжуулагч багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.