Үндсэн хуулиар олгогдсон “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх” эрх чөлөөгөө эдлэн, монгол залуус Сүхбаатарын талбайд тасралтгүй 22 хоног тайван жагслаа. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалттай анхны ардчилсан Үндсэн хууль батлагдах үед болон түүнээс хойш төрсөн шинэ цагийн залуус эрх зүйт төрийнхөө бүрдүүлж өгсөн эрхийг бодитоор, бас соёлтойгоор эдэлж чадаж байна.
Ямар нэг үймээн самуун, элдэв өдөөн хатгалга, турхиралтад авталгүйгээр салбар салбарын залуус өөрсдөдөө тулгамдсан асуудлаа уудлан дэлгэж, төр засгийнхнаас эрх тэгш, шударга нийгмийг л хүсэж буй тухай үзэл бодлоо нээлттэй индэрт бусадтайгаа хуваалцаж байлаа. Жагсаал бүр захиалгатай, жагссан болгон мөнгөөр худалдагддаг гэсэн нийгмийн хардлага, хандлагыг өөрчлөх эхлэлийг тэд тавьж, олон нийтэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаж сурах соёлыг үлгэрлэснээрээ ач холбогдолтой буй за.
Өнгөрсөн 22 хоногийн хугацаанд ажлаа тараад орой бүр жагсаалд очиж, үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлж байсан залуусын нэг нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Т.Бямбасүрэн юм. Тэрбээр “Эмч хүн өвчтөнөө эмчилж чаддаг байхын тулд ядаж цалин орлого нь амьдралд хүрэлцдэг, санхүүгийн өчүүхэн ч атугай баталгаа хэрэгтэй. Ажлаас халшрах, сэтгэл зүйн хувьд туйлдах, гутралд орох зэрэг өнөөгийн монгол эмч нарт түгээмэл тохиолддог асуудал бол ажлын бүтээмжээ бодитоор үнэлүүлж чадахгүй байгаатай холбоотой” хэмээсэн нь энэ салбарт ажилладаг болон бусад мянга мянган залуусын дэмжлэгийг авсан. Төр засгийн буруугаас болоод Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь үр хүүхдэдээ бүрэн эдлүүлж чадахгүй байгаа мянга мянган залуу ээжийн төлөөлөл сэтгэлийн дуудлагаараа төв талбайд жагссаныг мушгин гуйвуулах, харлуулах шалтгаан хайвал түүн шиг гуниг, гутамшиг үгүй билээ.
Шударга бус зүйлийн эсрэг нийтээрээ эвлэлдэн нэгдэж, жагсаж, тэмцэх тал дээр солонгосчуудыг манайхан сайны үлгэр жишээ болгон ярьдаг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэг найзын оюутан хүүхэд хичээлдээ суухгүй хэрнээ дүнгээ онц сайн гаргуулаад байсныг эсэргүүцсэн жагсаал их сургуулийн анги танхимаас халин, үндэсний хэмжээний хөдөлгөөн болж өргөжин, эцэстээ Пак Гын Хэг бүх насаар нь шоронд хорих хүртэл арга хэмжээ авхуулсан ард түмэн шүү дээ. “Өнөөдөр надад болон миний хүүхдэд тохиолдож буй шударга бус зүйл ирээдүйд илүү олон хүний эрх ашгийг хохироох томоохон урхаг, үр дагавартай тул бага дээр нь өөрчлөх хэрэгтэй” гэж үздэг учраас хаа холын Сөүл дэх жагсаалд Солонгосын өнцөг булан бүрээс хүмүүс ажлын бус цагаараа ирж нэгддэг байсан тухай 2018 онд манай хэдэн сэтгүүлч Хөх ордны үе үеийн Ерөнхийлөгчийн музейгээр зочлох үеэр тайлбарлагч нь онцолж билээ.
Тэгвэл Монголд ч гэсэн хүний эрхийн өндөр мэдрэмжтэй, улс төрийн идэвх оролцоотой залуу үе булгийн ундарга шиг оргилон гарч ирж байна. Энэ хэрээр тогтоол ус шиг булингартаж “өмхийрсөн” нийгэм цэвэрших үйл явц наашлах магадлалтай. Нэг талаас татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг олон талын дарамт, буулган дор мөрөөрөө ажиллаж, амьдрах аргагүйд хүрчхээд байхад нөгөө талаас төсвийн хэт үрэлгэн байдал, данхар төрийн бүтцийг дагасан “дарга анги”-ийн урсгал зардал танагдахгүй болохоор залуус бухимдах нь аргагүй. Өт хорхой хүртэл биед нь хүрэхээр арвалздаг хойно.
Монгол Улсад хүний эрхийн олон асуудал тулгамдаж буй талаар энэ жагсаалд оролцогчид хөндөж байсан. Харин Хүний эрхийн үндэсний комиссынхон жагссан залуусын эрхийг хангуулах тал дээр хойрго ажилласныг дурдах нь зүйтэй болов уу. “Долдугаар сарын 1-ний жагсаал” шиг ойворгон үймээн самуун болгохгүйн тулд залуус өөрсдөө зохион байгуулалтдаа сайтар анхаарч, хөтөлбөр, дэг, цагийн хуваариа нарийн гаргаж, аюулгүй байдлын санамжийг жагсагчдад байнга өгч, дагаж мөрдүүлсэн. Монгол залуусын ухаан саруул, зовхи нь өөдөө юм даа.
Л.Аргамжин