НҮБ-ын санаачилгаар жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхий дахинд энэ өдөр байгаль орчныг хамгаалах үйлсийг сурталчлан таниулах үйл ажиллагааг өөр өөр уриан дор зохиосоор ирсэн. Өнөө жил “Хуванцар бохирдлыг таслан зогсооё” уриалга дэвшүүлжээ.
Дэлхийг хуванцар бохирдлоос ангижруулах нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг дэмжих, далай тэнгис, гол мөрөн, нуур цөөрмийг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хадгалахад энэ нь чухал үр нөлөөтэй юм.
БНСУ-ын Чежү хотноо энэхүү өдөрт зориулсан албан ёсны нээлт, форум болсон бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен үйл ажиллагааг нээж үг хэллээ. Өмнөд Солонгос улс зохион байгуулагч орны хувиар хуванцар бохирдлыг бууруулахад чиглэсэн олон үйл ажиллагааг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд олон улсын хэлэлцүүлэг, хуванцар хаягдлаас ангижрах аян, олон нийтийн үйл ажиллагаа, хуванцрыг орлох шийдэл танилцуулах үзэсгэлэн зэрэг багтжээ.