Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд консерватив үзэлт, эрх баригч эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Кароль Навроцкий өрсөлдөгчөө яллаа. Тэрбээр тун бага зөрүүгээр илүүрхэж, сонгогчдын 50.89 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Сонгогчдын ирц 71.6 хувьтай, 21 сая хүн саналаа өгч сонгуульд оролцсон байна. Кароль Навроцкий сонгуулийн дүнг зарласны дараа хэлэхдээ Польшийн эх оронч хүчийг, хууль бус цагаачгүй Польшийн төлөө байдаг хүмүү¬ сийг нэгтгэхээ амлав. Улс төрийн тоймчдын дүгнэж буйгаас үзвэл Польш улс болон Европын Холбоо, Украины харилцаанд таарамжгүй байдал нэмэгдэж байгааг энэ сонгууль харуулсан байна. Навроцкий нь Брюссель хийгээд Киевт таагүй ханддаг бөгөөд Украиныг НАТО болон Европын Холбоонд элсүүлэхийг эсэргүүцдэг нэгэн аж. Ерөнхийлөгч Зеленскийг нь Польш улсад украин хүнд баймгүй эвгүй ханддаг гэж хэлдэг. Харин Путинтэй бол өөрийгөө хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдэг байна. Тэгсэн хэрнээ Польшийг чөлөөлөхөд оролцож яваад амиа алдсан Зөвлөлтийн цэрэгт зориулсан хөшөөг нураахыг санаачилжээ. Польшийн дотоодод либерал байр суурьтай Засгийн газартайгаа шинэ Ерөнхийлөгч санал зөрөх магадлал бий болж байгаа гэж шинжээчид үзэж буй юм.
Польшид Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэлээд хязгаарлагдмал. Тэгэхдээ хуульд хориг тавих эрхтэй, үүгээрээ Засгийн газрын бод логод саад хийж чадна. Кароль Навроцкий нь халаагаа өгч буй Анжей Дудагийн адил “Эрх ба шударга ёс” намаас нэр дэвшсэн болохоор Дональд Трампын тэргүүлж байгаа Засгийн газартай тэмцэлдэхэд эргэлзэх юм үгүй.
Тавдугаар сарын 18-нд болсон сонгуулийн эхний шатанд Навроцкий хоёрдугаар шатанд өрсөлдсөн Рафал Тшасковскийтой хоёул хошуучилж байв. 25-нд Варшав хотын төвд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад нийслэлийн Засаг даргыг (Тшасковский) арай л олон хүн дэмжиж байж. Сонгуулийн хоёр шатны хоорондох хоёр долоо хоногийн хугацаанд 27-нд томоохон хэл ам дэгдсэн нь Навроцкий залуудаа нэгэн тансаг зочид буудлын хамгаалалтын албанд ажиллаж байхдаа зочдод эмэгтэй хүн “олж өгдөг байсан” гэх яриа байлаа. Үүнтэй холбогдуулж Навроцкий “Өнөөгийн Польш улсын нэг төвөгтэй явдал бол улс төрийн биеэ үнэлэлт. Туск, Тшасковский нарын мэдээллийн туслахууд биднээс ялалтыг булаан авч чадахгүй” гэж хэлсэн байдаг.
Түүхч мэргэжилтэй, зүүн консерватив үзэлт, Европыг таашаадаггүй, “Эрх ба шударга ёс” хэмээх сөрөг хүчний намын дэмжлэг хүлээсэн Кароль Навроцкий Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь Дональд Тускийн Засгийн газарт томоохон цохилт боллоо гэж шинжээчид үзэж байна.
Гданьск хотоос гаралтай 42 настай Кароль Навроцкийн нэрийг энэ сонгуульд Ярослав Качиньскийн тэргүүлдэг сөрөг хүчний “Эрх ба шударга ёс” нам дэвшүүлжээ. Энэ хүн өөрийн зорилгыг “Цагаачгүй Польш” гэж нэрлээд байна. Сонгуулийн хоёр дахь шатанд хэт зүүний болон “Конфедераци” гэдэг либертариан намынхны үлэмж хэсэг дэмжсэн нь ялалт авчрахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид дүгнэв. “Конфедераци” намаас нэрийг нь дэвшүүлсэн Славомир Ментцен эхний шатанд авсан саналаараа гуравдугаарт оржээ.
Эрх баригч “Иргэний платформ” намаас нэрийг нь дэвшүүлсэн 53 настай Рафал Тшасковскийг сонгуулийн хоёрдугаар шатанд Засгийн газрын эвсэлд багтсан “Гурав дахь зам”, “Шинэ зүүнтнүүд” намын гишүүд дэмжсэн байна. Ерөнхий сайд Дональд Туск “Иргэний платфром” намынх юм. Рафал Тшасковский Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа ялагдаж буй нь энэ гэнэ.
Консерватив үзэлт, халаагаа өгч буй Анжей Дудагийн хориг тавих эрхээ ашиглан Тускийн Засгийн газрын гаргасан санаачилгад, ялангуяа эрхийг илүүд үзэх бодлогод тээг тавьж байсан чиг шугамыг үргэлжлүүлэхээ сонгуулийнхаа сурталчилгааны үеэр Навроцкий ил хэлдэг байв. Улс төр судлаач Барбара Бродзинска-Мировска телевизийн сурвалжлагчийн асуултад энэ сарын 1-нд хариулахдаа “Польшийн дотоод бодлогод Навроцкий гар тоормос татаж, Тускийн кабинетийн ажилд хүндрэл учруулна” гэж хэлсэн байна. Польшийн Засгийн газрын гадаад бодлогын боломжийг ч Кароль Навроцкий хязгаарлах нь зайлшгүй. Үндсэн хуульд зааснаар Польшийн Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг тул гадаад бодлогод нөлөөлөх магадлалтай юм. Гадаад бодлогын гол гол асуудлаарх Навроцкийн байр суурь Засгийн газрын чиг шугамтай зөрчилдөнө. Тэрбээр аюулгүй байдлын тухайд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг дэмждэг, эрчим хүч, цагаачдын асуудлаар Брюсселийн бодлогод тоомжиргүй ханддаг, Германд итгэдэггүй. Нацист Герман довтолсны төлөө Берлинээс сэргээн босголтын төлбөр нэхэх үйлдлийг Навроцкий улам хүчтэй болгон үргэлжлүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. Дональд Тускийн Засгийн газар үүнээс татгалзаад байгаа юм.
“Унгарын үйлдэл Польшид заналхийлж байна” гэж социологч Роберт Собах урьдчилан анхааруулжээ. Түүний бодож буйгаар Навроцкий Варшавыг Европын Холбооноос хөндийрүүлж, 2027 онд “Эрх ба шударга ёс”, “Конфедераци”-тай хамт эрх баригч болох нигууртай гэнэ.
2021 оноос Үндэсний дурсгалын хүрээлэнг толгойлж буй Кароль Навроцкийг сүү¬ лийн саруудад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүрхий буруутгаж, залуудаа хөл бөмбөг сонирхогчдын хоорондын зодоонд оролцож, биеэ үнэлэгчдийг зуучилдаг байсан хэмээн нотлохыг оролдсон байна. Түүнээс гадна өндөр настан, архи уудаг, хөрөнгө хогшил муутай хүмүүсийг харж хандана хэмээн амлаж, нэг өрөө байрыг нь өөрийн өмч болгож авснаас орон гэргүй болсон хүн, ахмадуудыг асрах газар амьдрахаас өөр аргагүй болсон гэх явдалд түүнийг хардах болжээ.
Кароль Навроцкий эдгээр шүүмжлэлийг няцааж, зан авирыг хатуужуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн болоход нь нөлөөлсөн хөл бөмбөг сонирхогчдын тэр зодоонд оролцсондоо ер зовдоггүй, тэр бол “сайн үйл байсан” гэж хэлсэн байна. Нийтлэлч Славомир Сераковскийн үнэлж, дүгнэснээр Навроцкийг буруутан болгох гэсэн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн оролдлого түүнийг дэмжигчдийн эв нэгдлийг улам бэхжүүлсэн аж.
“Сонгуулийн дараа Польшийн байдал намдаж тайвшрахгүй. 20 жилийн хугацаанд Польш сүрхий хагарч хуваагдсан, шинэ Ерөнхийлөгч маань үүнийг давж гарч чадахгүй л болов уу” хэмээн нийтлэгч Яцек Низинкевич таамагласан байх юм.
Кароль Тадеуш Навроцкий 1983 онд төржээ. 2003 онд Гданьск хотод бизнесийн дээд сургууль, 2008 онд Их сургуулийн түүхийн анги төгссөн байна. 2013 онд Польшийн шинэ түүхээр докторын зэрэг хамгаалж, 1944-1990 онд Польшийн иргэдийн эсрэг Герман, Польш, ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын үйлдсэн гэмт хэргийг судалж байв.
2011-2017 онд Гданьск-Сеульце дүүргийн зөвлөлийн дарга, 2017 оноос Гданьск хотын Дэлхийн II дайны музейн захирлаар ажиллаж байжээ.
Навроцкий Польшийн нэн шинэ түүхээр долоон ном, эрдэм шинжилгээ, нийтлэлийн олон арван өгүүлэл бичсэн нэгэн. Түүний гэргий Марта Гданьскад төрсөн, энд их сургууль төгссөн. Тэд хоёр хүү, нэг охинтой.