Зуны нар төөнөсөн аагимхалуун өдрүүд үргэлжилж буй энэ үед Улаанбаатар хотын иргэдэд сэрүүцэн амрах, тухлан суух газар үгүйлэгдэж байна. Манай нийслэлд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий түр амрах зориулалттай сүүдрэвч байтугай тайван алхах зам ч хомс. Сургууль, цэцэрлэг, номын сан зэрэг нийтийн зориулалттай газруудадсандал, сүүдрэвч, ногоон байгууламж бийч урин дулааны цагт ихэнх нь үүдээ цоожлоод, иргэдийг дотогш нэвтрүүлдэггүй.
Сүүлийн жилүүдэд хот хүрээгээтэлж, өндөр барилгууд нүд ирмэхийн зуурт сүндэрлэх болсон. Хоорондоо зөрөх зайгүй шахам баригдсан хотхонуудын дунд чөлөөтэй алхах нь бүү хэл, агаарлаж суух ч боломж олддоггүй. Манай хотод хуруу дарам цэцэрлэгт хүрээлэнг хүн болгон зорьж очих боломж угаас үгүй. Дэд бүтэц, ногоог байгууламжтай холбоотой шүүмжлэл, бухимдал сүүлийн үед эрчээ авч, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд “Ядаж сургууль, цэцэрлэгийн орчныг бидэнд нээлттэй болгооч” гэж нийгмийн сүлжээнд бухимдангуй бичих болов.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Баясгалан “Өдрийн халуунд сүүдэрбараадаж, ойролцоох сургуулийг зорин очтол хаалга нь цоожтой байсан. Зөвхөн энэ гэлтгүй нийслэл дэх бүх сургууль зуны амралтаар хаалгаа түгжчихдэг. Сургуулийн үйл ажиллагааг зогсоосон ч хашааг нь цоожлолгүй, иргэдэд нээлттэй үлдээхэд юу нь болохгүй гэж” хэмээн халаглав.
Сүхбаатар дүүргийн иргэн Б.Гантуяа “Би долоон сартай хүүхэдтэй. Өдрийн халуун эхлэхээс өмнө өглөөд хүүхдээ тогтмол салхилуулдаг юм. Эргэн тойронд хэт их дуу чимээтэй, тухтай сууж, амсхийх газар ховор. Тиймээс ойрхон байдаг цэцэрлэгийн гаднах талбайг зорьдог. Гэвч ихэнхдээ хашааны хаалга нь цоожтой тул дотогш орох боломж олддоггүй. Бид цэцэрлэгийн барилгад нэвтрэх гээгүй, гаднаталбайднь хүүхдээ салхилуулахыг л боддог” гэж ярилаа.
Гадаадын олон оронд халууны улиралд иргэдийг ойр орчмынхоо худалдаа үйлчилгээ, нийтийн зориулалттай газруудад орж сэрүүцэхийг зөвшөөрдөг төдийгүй зарим нь үүнийг бүр уриалдаг. Тухайлбал, АНУ, Канад, Япон зэрэг оронд “сэрүүцэх төв” гэх тусгайлсан орон зайг бий болгож, агааржуулалт сайтай танхимуудад иргэдийг үнэ төлбөргүй амраадаг жишиг тогтжээ. Зарим хот энэ төрлийн газруудынхаа байршлын мэдээллийг цахимаар түгээж, хаалган дээрээ бичсэн байдаг. Гэтэл манай улсад энэ төрлийн соёл ч алга, төр засгаас анхаарахгүйбайна. Сүхбаатар дүүргийн нэгэн сургуулийн харуул “Аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалах үүднээс л зуны саруудад хаалгыг нь цоожилдог. Бид улсын өмчийг хайрлан хамгаалах үүрэгтэй. Сургуулийнзахиргаанаас ирсэн үүрэг даалгаврыг сахин биелүүлэх нь ажлын минь нэг хэсэг” гэв.
Дэлгүүр, кофешоп зэрэг газарт тухлан амрах боломж хүн бүрд тэгш олддоггүй. Тиймээс хүүхдүүдийн зуны амралтын энэ өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламж бүхий орчныг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байлгах нь нэн чухал. Иргэд ч өөрсдийн үүргээ ухамсарлаж, эдгээр орчинд цэвэрхэн, хариуцлагатай байх хэрэгтэй.
Ц.Цэнд-Аюуш