Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай улсад энэ сарын 6-13-нд төрийн айлчлал хийсэн билээ. Тэд Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор заларч, нээлтэд оролцон, Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхож, үндэсний сурын талбай, шагай харвааны асарт зочилсон юм. Энэ үеэр Эрхэм дээд хаан, хатан хоёр наадамчин олонтой мэндчилж, шагай харваж, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү айлчлалыг түүхийн судлаачид Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн, түүхэн айлчлал хэмээн тодорхойлсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын эрхэмсэг хаан, хатан хоёртой энэ сарын 8-ны үдэш хүндэтгэлийн зоог барьсан билээ. Энэ үеэр Цог жавхлант Эзэн хаан Монгол Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчдийн хамт “Монгол аялгуу” болон Японы алдарт “Хамабэ но үта” аялгууг эгшиглүүлсэн юм. Хүндэтгэлийн зоогийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Японы Эзэн хаан Нарүхито нар үг хэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм дээд хатан нарын Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал нь нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан манай хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн мөнхөрч, ард түмэн хоорондын элгэмсэг дотно нөхөрлөлийг улам бэхжүүлж, ирээдүй хойч үеийн төлөөлөл болох хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийн гэгээн тэмүүллийг хөглөн бадраах онцгой чухал, түүхэн үйл явдал болж байна” гэдгийг цохон тэмдэглэв. Харин Японы Эзэн хаан Нарүхито эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд, хунтайжийн хувиар 2007 онд анх удаа Монгол Улсад айлчлахдаа үзэж харсан зүйлүүд нь гүн сэтгэгдэл төрүүлж, одоо ч эрхэм санагддаг тухайгаа онцолсон юм. Мөн тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар наадмын нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 11нийг Дэлхийн адууны өдөр болгохыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн нь ач холбогдолтой гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлттэй уялдан Монголын нийгэм өмнөхөөс илүү эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдлээ. Өмнөх айлчлалын үеэр миний бие хоёр орны харилцаа оргилдоо хүрээгүй байгааг хэлж байсан. Жишээлбэл, 2007 онд Япон Улсад 1100 орчим монгол оюутан суралцаж байсан бол өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин нэмэгдсэн” гэв.
Тус улсын Засгийн газраас манай улсын боловсрол, байгаль орчин, нийгмийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж, хандив, тусламж үзүүлсээр ирсэн түүхтэй. Тухайлбал, 2017-2021 онд Улаанбаатар хотын бага, дунд боловсролын сургуулийн барилга, байгуулам¬жийг сайжруулах төслийг хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт 149, 75 дугаар сургуулийг шинээр барьж, Налайх, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 109, 53дугаар сургуулийг өргөтгөсөн байна. Харин эрхэм дээд хаан, хатан хоёр энэ сарын 9-нд 149 дүгээр сургуульд зочилсон юм. Сургуулийн барилга, байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, зорчиход саад бартаагүй байхаар төлөвлөсөн, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй тул гамшгийн үед түр хорогдох байр болгон ашиглах боломжтой аж. Үүний дараа Эзэн хаан Японы “Коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг загвар болгон технологи, инженерийн сургалт, судалгаа, аж үйлдвэрлэлийн салбарт ноухау нэвтрүүлдэг “Монгол Коосэн” технологийн коллежид айлчилсан билээ.
Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр нь Японы Эзэн хаан хатныхаа хамтаар Хустайн байгалийн цогцолборт газарт саатаж, байгалийн үзэсгэлэнг тольдон, ховор ан амьтадтай “нүүр тулсан” нь энэ айлчлалын онцлох нэг үйл явдал болов. Эзэн хаан Нарүхито энэ жил төрсөн тахийн унаганд “Tomo” буюу нөхөр, Хатан Масако “Ai” буюу хайр гэх нэр хайрласан аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарын төрийн анхны айлчлал энэ сарын 13-нд өндөрлөсөн юм. Эрхэм зочдыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар “Их тэнгэр” цогцолбор дахь өргөө гэрээсээ үдэж өгчээ. Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.
Ч.Болор