Австралийн Күинслэнд мужийн Саншайн Көүст хотод энэ сарын 10-20-нд болсон Олон улсын математикийн 66 дугаар олимпиадад монгол сурагчид өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, манай улсын баг энэ удаа нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийд 18 дугаар байрт эрэмбэлэгдэв. Сурагчид нийлбэр дүнгээр 174 оноо авсан нь тус олимпиадын түүхэн дэх Монгол Улсын дээд үзүүлэлт боллоо.
Олон улсын математикийн олимпиадад энэ жил 112 улсын төлөөлөл 640 гаруй сурагч оролцсон нь уг уралдааныг зохион байгуулж эхэлсэн 1959 оноос хойших хамгийн өндөр ирц, өргөн цар хүрээтэй өрсөлдөөн болсон гэнэ. Үүнд Монгол Улс дээгүүр амжилт үзүүлэхэд нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль болон “Сант”, “Шинэ үе” сургуулийн сурагчид онцгой хувь нэмэр оруулав. 11 дүгээр сургуулийн сурагч А.Ивээл алтан медаль хүртсэн бол Б.Бэлгүтэй мөнгө, Б.Төвшиндалай хүрэл медалийн эзэн боллоо. “Сант”-ын С.Манлай, “Шинэ үе”-ийн Б.Тэнүүнсайхан нар мөнгөн медалийн буухиаг үргэлжлүүлж, “Сант”-ын Д.Хүслэн хоёр дахь хүрэл медалийг авчрав.
Монголын багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар нар ажиллажээ. Математикийн 66 дугаар олимпиадын хаалттай зэрэгцэн Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцох Монголын баг Филиппиний Манила хотыг зорив. Уг олимпиад туршилтын болон онолын хэсэг гэсэн хоёр үе шаттайгаар энэ сарын 22-24-нд болох юм. Түүнчлэн Олон улсын математикийн 67 дугаар олимпиадыг ирэх жил БНХАУ-ын Шанхай, 70 дугаар олимпиадыг 2029 онд манай улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрх олгосныг Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээлэв.
Н.Мишээл