-Улсын эмнэлгүүдийн 60 орчим хувь нь ахмадын эмчгүй байна-
Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувийг ахмад настан эзэлж байна. Ахмад настны тухай хуульд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад хэмээн тодорхойлж буй. Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд манай улсад 55, түүнээс дээш настай нийт 476 653 хүн бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эсрэгээрээ ахмад настны эгнээ тэлж буй. Ахмад үеийнхний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, сэтгэл зүйн асуудалд анхаарах цаг болсныг илтгэсээр. Ганцхан жишээ хэлэхэд, манай улсад 60, түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 байсан бол 2030 онд 11.9, 2050 он гэхэд 21.1-т хүрэх магадлалтай байгааг “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” 2022 оны судалгааны тайланд дурджээ. Энэ хэрээр нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарынхан хүндхэн ачаа үүрэх нь.
Дэлхий нийтэд ч мөн адил 0-5 хүртэлх насны хүүхдийн тоо буурч, ахмадынх өсөж байна. Өдөр ирэх тусам хүн амд жин дарах ахмад настнуудыг хэрхэн идэвхтэй амьдруулах, эрүүл мэндэд нь яаж анхаарах вэ гэдэг хүн төрөлхтний толгойн өвчин болжээ. Иймд ДЭМБ, НҮБ-аас 2021-2030 он буюу ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний 10 жилийн төлөвлөгөө боловсруулж, улс орнуудад зөвлөмж хүргүүлсэн аж.
Ахмадуудын эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой цагийн зүү хэдийн хөдөлсөн гэсэн үг. Улсын томоохон эмнэлгүүд ямархуу “дүр төрх”-тэй байдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Ялангуяа нялх хүүхэд, өндөр настай аав, ээжийгээ эмчид үзүүлнэ гэдэг нь эр зориг шаардсан асуудал. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий, заримдаа хэдэн хоног, сараар ч үзүүлж чадахгүй тохиолдол цөөнгүй. Таяг тулсан, тэргэнцэр дээр суусан буурлууд эмч болгоны үүд сахиж суух нь өрөвдөлтэй. Уг нь ахмад настнуудад өрх, сумын эмнэлгийнхэн нь чанартай тусламж, үйлчилгээ үзүүлээд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт нь илгээдэг бол учиртай. Харамсалтай нь, өрхийн эмнэлгийнхэн даралт үзэхээс өөр “ид шидгүй”. Тэр бүү хэл, улсын хэмжээнд ганц байдаг, ахмадуудад зориулсан эмнэлэг нь үүдээ барихад тулжээ. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнө байгуулсан ахмадын гэх тодотголтой Геронтологийн үндэсний төвийн орчин нөхцөл улам доройтож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд амаргүй байдалтай байна.
Тус төв нь Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг бөгөөд улсын хэмжээнд ахмад настнуудад лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эл төвийг мэдэхээсээ мэддэггүй нь олон юм билээ. Ахмадуудад гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй ч далайцтай, даацтай ажиллаж, зорилтод бүлэгтээ хүрч чадаагүйгээс тэр биз. Орчин үед ийм сумын эмнэлэг ч байхгүй хэмээн тэнд ажиллаж байсан хүмүүс нь ярьдаг юм билээ. Үнэхээр л эмнэлэг гэж хэлэхэд хэцүүхэн.
“МАРТАГДСАН” ЭМНЭЛЭГ
Зуун айлын барилгын материалын үйлчилгээний газруудын дунд “нуугдсан” Геронтологийн үндэсний төвийнхөн хоёр давхар барилгад төвхнөдөг ч зөвхөн баруун урд жигүүртээ л үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Үлдсэн бүх өрөө, тасалгааг нь хувийн хэвшлийн эмнэлгүүд эзэлжээ. Баруун жигүүрийн 10 орчим өрөө, хоосон сандал, хэдхэн эмч л өнгөрсөн баасан гарагт очиход угтсан юм. Ахмадын эмнэлэг нь ахмад настны ганц эмчтэй. Гэвч өнөөх эмч ээлжийн амралтаа авсан тул байсангүй. Мөн сэргээн засахын эмч нь амарсан учир хэд хэдэн настан хоосон хаалга мөргөнө лээ. Тэдний нэг, Сонгинохайрхан дүүргийн харьяат, 82 настай С.Төмөрбат “Кальц уусан ч энд тэндгүй хүйт оргиод байхаар нь ясны сийрэгжилтээ тодор¬хойлуулахаар ирсэн юм. Эмч нь ээлжийн амралтаа авчихжээ. Наймдугаар сарын 30-нд ажилдаа ирнэ гэнэ. Цахимаар цаг авч мэдэхгүй учраас эмнэлэгт үзүүлэхдээ дандаа өөрөө очдог. Ихэнхдээ 20-иод хоногийн дараа үзүүлэх л цаг олддог доо. Энэ эмнэлэг цахимаар цаг өгдөггүй, өөрсдөө ирж дугаарлаж суугаад үзүүлдэг юм байна” гэв.
Манай улсад ахмадуудын дунд тархины цус харвалт, даралт ихсэх, бэртэл гэмтэл, зүрх, судас, хоол боловсруулах эрхтэн, яс, булчин, шээс, бэлгийн тогтолцооны болон амьсгалын замын өвчин, эмгэг зонхилон тохиолддог аж. Мөн насны доройтлоор хараа муудах, сонсгол буурахын зэрэгцээ сэтгэцийн тулгамдсан асуудал, зөнөгрөл, ганцаардалд автах нь их гэнэ. Гэтэл ахмадуудад зөвлөж туслах, мэргэшсэн эмч, сувилагч дутмаг хэвээр. Нийслэл болон орон нутгийн улсын эмнэлгүүдэд ахмадын эмч заавал ажиллах ёстой. Гэвч улсын эмнэлгүүдийн ердөө 43 хувьд нь мэргэшсэн эмч ажилладаг аж. Өөрөөр хэлбэл, дүүрэг, аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн 60 орчим хувь нь ахмадын эмчгүй гэсэн үг.
Лавлагаа шатлалын бусад эмнэлгийн адил Геронтологийн үндэсний төвийнхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ судалгаа, шинжилгээ хийж, эмч, ажилтнуудыг арга зүйгээр хангаж, туршлагаа хуваалцах үүрэгтэй. Үүний хүрээнд ахмадын эмчийг тус төвийнхөн бэлтгэдэг. Ингэхдээ 21 аймаг, нийслэлээс ахмадын эмчээр ажиллах хүсэлтэй мэргэжилтнүүдийг настан судлалын зургаан сарын дамжаанд хамруулж, төрөлжсөн эмнэлгүүдэд дадлага хийлгэн, өндөр настнуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн онцлогийг таниулдаг юм байна. Тус сургалтад жилд 1-2 хүн л хамрагддаг аж. Харин энэ жил ахмадын эмч болохоор зургаан хүн сурч байгаа бөгөөд бүгд залуучууд хэмээн тэндхийн эмч нар олзуурхав. Эмч нарыг ийн мэргэшүүлдэг ч улсын эмнэлгүүдийн 43 хувь нь ахмадын эмчтэй, бусдад нь мэргэжлийн хүн ажиллахгүй байгааг тус төвийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа хэлсэн. Ахмадын эмчээр ихэвчлэн ахмад эмч нар суралцдаг бөгөөд ганц, хоёр жил ажиллаад л тэтгэвэртээ гарчихдаг байна. Тиймээс ахмадын асаргаа, эмчилгээг сайжруулахын тулд улс бодлогоор дэмжих хэрэгтэй, энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагчдын нийгмийн асуудалд анхаарч, цалин урамшууллыг нэмэх, залуучуудыг татан оролцуулах хэрэгтэйг тэрбээр дуулгасан.
Ахмадын тусламж, үйлчилгээний онцлогийн талаар С.Гантуяагаас тодруулахад “Ахмадын тухай хуульд тодорхойлсноор эмэгтэй 55, эрэгтэй 60 настай хүнийг ахмад гэж үздэг. Ийм насны хүмүүс харьцангуй залуу шүү дээ. ДЭМБаас ахмад хүний насны ангиллыг залуу, дунд, өтөл гэж гурав хувааж үздэг. Залуу гэдэгт нь 60-70, дунд үед 70-80, өтөл настанд 80-аас дээш насныхныг хамруулдаг. 60-70 насныханд эрүүл мэндийн боловсрол олгоход сайн хүлээж авдаг, нас ахих тусам чадвар буурдаг тул илүү нарийн ажиллагаа шаарддаг юм. Хэдий ахмад гэх тодорхойлолтод багтаж буй ч насны онцлогоос нь хамаарч тухайн хүнд өөр өөр тусламж шаардлагатай. Эм, тариа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээс гадна ахмад настан, түүний ар гэрийнхэнд нь зориулсан сургалтыг хороо, сумд нь очиж явуулдаг. Гэвч мэргэжилтэн хангалтгүй учир ахмад настны эмчилгээний онцлогийн талаарх ойлголтыг төдийлөн түгээн дэлгэрүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, настан судлалын зургаан сарын дамжааг төгссөн хүн л ахмадын эмчээр ажиллах боломжтой. Гэтэл энэ сургалтад суух хүн ховор” гэв.
Мэргэжилтнүүд дутмагаас гадна тус төвийн хамгийн том бэрхшээл нь барилга, байгууламж болжээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үе үеийн удирдлага шинэ байртай болох гэж хөөцөлддөг ч тусыг эс олсон байна. Үндэсний их баяр наадмын өмнөхөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн, тус төвийн дарга асан Р.Хишигжаргалын үед Нисэх орчимд барьсан барилгадаа нүүж орохын даваан дээр бүтэлгүйтжээ. Албан бус эх сурвалжийн хэлснээр шинэ эмнэлгийн барилгын хөрсөнд суулт өгч, одоо төмөр карказ л үлдсэн гэнэ. Ахмадуудад тусламж, үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний төв гэж хэлэхэд ичмээр тус эмнэлгийг шинэ байртай болгох нь Эрүүл мэндийн сайдын хийх ажлын эхэнд бичигдэхээр байна. Яармагт байрлах Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн дэргэд сэргээн засах чиглэлээр барьсан барилгад Геронтологийн үндэсний төвийнхнийг нүүлгэн шилжүүлэх сурагтай. Шинэ байртай болчихвол ахмадууд хэвтэн эмчлүүлэх тасаг нээж, сэргээн засах чиглэлд илүү анхаарч ажиллан, судалгаа, шинжилгээний бааз бүрдүүлнэ хэмээн тус төвийн эмч нар хэлсэн. Гуравдугаар шатлалын эмнэлэг хэрнээ хэвтэн эмчлүүлэх ганц ч оргүй, зөвхөн өдрийн эмчилгээ хийдэг энэ төвийнхнийг өөд нь татах цаг болжээ. Сургалт явуулах өрөө, тасалгаа байхгүй тул эмнэлгийнхээ хонгилд хэдэн сандал нийлүүлж тавиад хичээлээ заадаг гэх. Нэг өрөөнд хоёр өөр чиглэлийн эмч сууж, өвчтөнөө үздэг юм билээ. Тухайлбал, “Мэдрэл, нүд” гэсэн хаягтай өрөө анхаарал татсан юм. Энд нэг эмч өвчтөнийхөө хараа, нөгөөх нь мэдрэлийг нь “шалгадаг” аж. Эрүүл мэндийн байгууллагын стандарт хангах нь бүү хэл, өвчтөний нууц хадгалах ойлголт бүр ч байхгүй юм билээ.
ЭМ БИШ ХОР
Ахмад настнуудад зориулсан эмнэлэг нь ийм байхад бусдынх нь тухай ярилтгүй биз. Ялангуяа мэргэшсэн эмчгүй газрууд өндөр настнуудад шаардлагатай тусламжийг үзүүлж чадахгүй, буруу эмчилгээ хийх, хүндрэл чирэгдэл учруулах, бүр хүлээж авахаас ч татгалзах тохиолдол гарсаар. Тухайлбал, 88 настай нэгэн буурай улсын эмнэлгийн урт дарааллыг хүлээж хүчрэлгүй, хувийнхад эмчилгээ хийлгэжээ. Түүний бөөрний өвчин даамжирч, шээс нь гарахгүй болсон тул арга буюу эмчид хандаж, бичиж өгсөн эмийг нь уужээ. Гэтэл байдал бишдэж, ус ч ууж чадахгүй болтлоо доройтсон гэнэ. Үр хүүхдүүд нь сандарч тань¬даг эмчдээ үзүүлтэл эмийн хордлогод орчихсон байж. 90 дөхөж яваа бууралд хүчтэй эм бичиж өгсөн эмчийн хариуцлагагүйн улмаас хөөрхий настан уруул, ам нь омголтож, ухаан балартаж унахаа шахсан байна. Тэр ч бүү хэл, УХТЭ-ийн нэгэн эмч 90 нас гарсан бууралд бүдүүн гэдсээ дурандуул гэсэн бичиг өгөөд явуулж. Бүдүүн гэдсээ дурандуулахын тулд гэдэс цэвэрлэх бэлдмэл, ус их хэмжээгээр уусны улмаас бие нь тавгүй байж. Гэсэн ч эмнэлгийн орон дээр арай чүү гарсан ч дурандуулж чадаагүй байна. Бие нь тавгүйрхэж, зогсоосон гэнэ. Гэртээ ирээд өнөөх буурал их хэмжээгээр бөөлжиж, тамирдсан тул яаралтай түргэн тусламж дуудаж үзүүлэхэд хордлогын шинжтэй байна гээд эм бичиж өгчээ. Бие, махбодын хувьд харьж яваа настангуудын бодисын солилцоо муудаж, эм, тариаг шингээх чадвар сулардаг тул яг л нялх хүүхэд шиг эмчилгээ, асаргаа шаардлагатай байдгийг туршлагатай эмч ар гэрийнхэнд нь зөвлөсөн байна. Ахмад настай хүмүүсийн бие, сэтгэцийн онцлогийг мэддэггүй эмч нар ингэж алдаа гаргаж, хайхрамжгүй хандсаар байх уу. Монголчуудын 10 гаруй хувь нь ахмад настны тоонд орсон нь аюулын дохио дуугарсны тэмдэг болохыг учир мэдэх хүмүүс хэлнэ лээ. Айсуй цагтаа бэлдэж, ахмадын асаргаа, эмчилгээнд анхаарал хандуулах шаардлагатай байна.