Доктор, дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас Сяньбигийн үед холбогдох язгууртны бунхант булш илрүүлсэн талаараа мэдээлэв. Энэхүү олдвор нь манай улсын нутаг дэвсгэрээс илрүүлсэн дурсгалуудаас хамгийн томд тооцогдох, огт хөндөгдөөгүй, түүхийн өндөр ач холбогдолтой гэдгээрээ ихээхэн онцлог гэнэ.
Тус дурсгалт газрыг археологичид анх 2019 онд нээж, 2022-2024 онд хэмжиж судлах, баримтжуулах ажлуудыг хийсэн бол Орхон, Сэлэнгийн сав газарт Сяньбигийн төрт улс оршин тогтнож байсан байж болзошгүйг нотлох чухал бунхант булшийг энэ зуны малтлагаараа илрүүлжээ. Судлаачид язгууртны гурав, жирийн иргэний хоёр, нийт таван булшийг авран хамгаалах ажлыг өдгөө гүйцэтгэж буй аж. Тэдгээрээс нэг булш хөндөгдөөгүй, тоногдоогүй, анхны байдлаараа олдсон нь анхаарал татаж байна.
Хөндөгдөөгүй булшны тахилын хэсгээс хар болон зээрд зүсмийн модон морьд, сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар зэрэг сонирхолтой олдворуудыг илрүүлснээс гадна зан үйлийн шинжтэй онцгой зүйл ч цөөнгүйг нээжээ. Эдгээр олдворыг аюулгүй зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд ССАЖЗЯ болон Соёлын өвийн үндэсний төвийн судлаач, мэргэжилтнүүд оролцож байна.
Ж.Сувд