Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз болон Тажикистан Улсад хийх төрийн айлчлал өчигдөр эхэллээ. Тэрбээр Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус оронд энэ сарын 20-23-нд айлчлахаар Бишкек хотод өчигдөр очсон бол үүний дараа Тажикистаны Төрийн тэргүүн Эмомали Рахмоны урилгаар 23-26-нд дараагийн айлчлалаа хийх юм.
Энэ удаагийн айлчлал нь Төв Азийн орнуудтай, түүний дотор Киргиз, Тажикистан улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсын түвшинд өргөжүүлэх ач холбогдолтойг дурдлаа. Айлчлалын үеэр Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар болон яамд хоорондын хамтын ажиллагааны гэрээ, протоколд холбогдох албаны төлөөлөгчид гарын үсэг зурах юм.
Монгол, Киргиз улс дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд манай улсын Төрийн тэргүүн нар тус оронд дөрвөн удаа айлчлал хийж байжээ. Харин Монгол, Тажикистан улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 33 жилийн түүхэнд Төрийн тэргүүний түвшинд хийх гэж буй анхны айлчлал нь энэ удаагийнх аж. Айлчлалын өдрүүдэд хоёр орны Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол, Тажикистаны анхны бизнес форум болон соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Сувд