Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Монголын төр тулхтай, туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээр бус, уран яруу донгоддог, попордог, нийгмийн санаа бодлыг үймүүлэгчдээр дүүрсний тод төлөөлөл нь УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Өөрөөр хэлбэл, хийж чаддаг нь биш, хэн сайн ярьж, иргэдийн “тархийг угааж”, итгэтэл сэнхрүүлдэг нь илүүтэй танигдаж, тэр хэрээр улс төрд дээш өгсөх зам нь нээгддэг гэлтэй. С.Ганбаатар яг л энэ зарчмаар УИХ-д гурвантаа сонгогдоод буй билээ.
Эхнэр, гурван охины хамт амьдардаг тэрбээр Дархан-Уулд VII анги хүртлээ суралцаж байгаад Баянхонгор аймгийн арван жилийн I сургуулийг төгсөж, 1988-1989 онд МУИС-д Германы инженерийн сургуульд явахын өмнөх бэлтгэлд хамрагдсан аж. Улмаар 1989-1991 онд Политехникийн дээд, 1991-1993 онд ЗХУ-ын Новосибирск хотын Геодез, цахилгаан техник, уул уурхайн дээд сургуулийг дүүргэн, хожим 2010 онд Хөдөлмөрийн дээд сургуульд хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.
С.Ганбаатар ажлын гараагаа ХААН банкны менежерээс эхлүүлж, Тусгай активын газрын захирал болж дэвшин, цаашлаад СЭЗДС, Удирдлагын академид багшилж байжээ. Ерөнхийдөө 2004 оноос улс төрийн карьераа эхлүүлсэн гэж хэлж болно. Тухайн үед УИХ-ын даргын нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байх үедээ “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг тэргүүлэн, 2006-2007 онд “Үндэсний соёмбо” хөдөлгөөнийг мөн удирдаж, цөөнгүй жагсаал цуглаанд манлайлан оролцож байсныг иргэд анддаггүй.
Түүнчлэн 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны болон МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Ингэж холбоо, клуб “хэсэж”, элдэв хөдөлгөөн, жагсаал санаачлан, удирдаж явсны ачаар С.Ганбаатар олонд ч танигдаж, 2012 онд УИХ-д анх удаа сонгогдов. Тухайн үед тэрбээр Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан нь нам бус олон хүнд итгэл найдвар төрүүлсэн нь дамжиггүй.
Оюутолгойн гэрээ бол С.Ганбаатарын улс төрийн тэмцлийнх нь “мөнхийн” сэдэв байсаар ирсэн. Тэрбээр 2016-2020 онд гишүүний суудлаас түр “ховхорсон” ч лекцээ уйгагүй уншсаар, тэмцлээ үргэлжлүүлэн хийсээр 2020-2024, 2024 оноос өнөөдрийг хүртэл УИХ-д улиран сонгогдож, өдгөө Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд С.Ганбаатар бие даагчаас эхлээд улс төрийн таван хүчин дамжиж, хамгийн сүүлд буюу 2021 онд АН-д элссэн. Өмнө нь тэрбээр МАН, ХҮН, МАХН-ын гишүүн байсан бөгөөд үүнийгээ ч бахархан ярьдаг юм билээ. 2017 онд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшиж, нийт саналын 30.19 хувийг цуглуулан, олны нүдийг орой дээр нь гаргаж явсан удаатай.
С.Ганбаатар 2002 оноос хойш 1000 орчим лекц, сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, 12 цуврал ном, хуурцаг хэвлүүлсэн гэж намтарт нь бичжээ. Гэвч олон нийт түүнийг лекцээрээ дам¬жуулж фэншүй урсгалыг түгээн, иргэдийг сэнхрүүлж, тэр дундаа алт эрдэнэс, эд материал шүтэх үзлийг нь өрдсөн, ямар ч гавьяагүй тэмцэгч гэж шүүмжилдэг. Тэр хэрээр С.Ганбаатарыг өнгөрсөн хугацаанд жинхэнэ эх оронч, тэмцэгчдийн үнэн төрх, хүчийг үнэгүйдүүлсэн, тэднийг хэн ч биш болгоход хувь нэмрээ ихэд оруулсан хүмүүсийн нэг ч гэдэг.
“Би ардчиллын, Монгол Улсын төлөө зүтгэнэ. Над шиг хүмүүсийг баруунд баялгийн эх оронч үзэлтэн гэдэг. Би үзэл бодлоосоо ухрахгүй” хэмээдэг түүнийг “АТГ-аас шалгаж байна” гэх мэдээлэл өнгөрсөн сарын 24-нд цацагдсан билээ. Өөрөө ч энэ талаараа лайв хийж, шуугиан тарьсан. Тэгвэл АТГ-т 2020 оноос хойш УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой 15 гомдол, мэдээлэл ирүүлжээ. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дөрвийг нь мөрдөн шалгаж байгаа гэж хуулийнхан мэдээлээд буй. Одоогоор С.Ганбаатарын хүрээллийнхний аж ахуйн нэгж, эзэмшлийн газар, байшинд нь нэгжлэг хийсэн. Харин гишүүний халдашгүй, бие даасан байдалд нь халдсан зүйлгүй хэмээсэн.
О.Оргилох