Төрт ёсны аугаа их уламжлал, үүх түүх, өв соёлоороо гайхуулан бахархах монголчуудын Үндэсний их баяр наадам ид хавтай сайхан болж өндөрлөлөө. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадам идэр арслан, гарьдтай, шинэ мэргэдтэй, шинэхэн түрүү, айрагтай, монгол түмний хэлдгээр бүтэн жилдээ ярих юмтай байлаа.
Харин энэ жилийн наадмын нээлт, хаалтыг тойрсон шүүмжлэл нэлээд өрнөлөө. Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой энэ онд тохиож буй тул түүний өв, гүн ухааны илэрхийллийг нээлтийн агуулгад шингээжээ. Түүнчлэн Дэлхийн адууны өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн учир морин үзүүлбэр жин дарсан нь анзаарагдав. Энэ удаагийн нээлтийн үзүүлбэрийн тавилт энд тэндгүй, замбараагүй гүйлддэг өмнөх найруулгын алдаагаа зассан ч наадамчдын омогшил, бахархлыг чанга хөгжим, ёслолын буудлага, нөгөө л драмынхан, рок попынхноор өдөөх гэж ядав. 21 аймгийн авьяастнууд баяр наадамдаа оролцсон юм, уг нь. Түүнчлэн ихэнх хүн үүнийг зурагтаар үзэж, сонирхсон. Тиймээс дэлгэцийн форматад зохицсон найруулга шингээх нь нэн шаардлагатай байв. Хаана, юу болж байгаа нь тодорхойгүй олон дүрсийг телевизээр үзэх нь үзэгчдэд бэрхшээлтэйг өнөө жил ч бас бодолцсонгүй.
Наадам бүрд л дуулж харагддаг рок попынхноос хүмүүс залхаж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн. Энэ нь уран бүтээлчийн авьяас чадварыг үгүйсгэсэн явдал бус, шинэлэг, содон найруулга хүсэж буй иргэдийн байр суурь гэж тодотгох нь зөв. Одоогоос хоёр жилийн өмнө “Скин” энтертайнментын найруулагч Б.Анар реппер Big Gee, Young Mo’G нарыг наадмын тайзнаа авчрахад наадамчин олон ам сайтай байв. Яг үүн шиг шинэлэг, орчин үеийн байдлаар тавилтаа шинэчилж, залуу үе рүүгээ чиглэхгүй бол аль эртний улигласан дуу, бүжиг үзэгчдэдээ гологдож эхлээд байна. “Морины нуруун дээр акробат үзүүлж буй хүмүүст Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар харамгүй алга ташилт зориулав. Ташрамд дурдахад, морь ч бус, төгөлдөр хуур мөн давхиж өнгөрөв” хэмээн Японы хэвлэлээр мэдээлсэн. Яг үүнийгээ орой нь дахин давтаж, зүрхээр “явуулах” вий гэж хошигноод ч амжсан. Төгөлдөр хуур сундлах санаа орчин үед манайхаас л гарч байх шиг. Мөн энэ жилийн наадмаар төв цэнгэлдэхэд уртын дууны айзам эгшиг сонсогдоогүй нь наадамчдын шүүмжлэлд өртсөн. Энэ талаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзадын охин Б.Дэлгэрмаа “Норовбанзад сан” уртын дууны өдөртэй болохыг санаачлан, Ерөнхийлөгчийг зарлиг гаргахыг хүсээд дөрвөн жил болжээ. Улсын наадмаа “Энх мэндийн баяр” уртын дуугаар эхэлсэн бол “Энх амгалан төр улс минь эрхэм баян арвинтай” гээд л тансаг үгтэй шүү дээ” хэмээж.
Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулсан. Өнгөрсөн хоёрдугаар сард түүний багийг дэмжихээр ССАЖЗЯнаас санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд олонхын саналаар дэмжсэн юм. Ийнхүү тэрбээр эл үйл ажиллагааг тав дахь удаагаа найруулсан нь энэ. “Өнөө жилийн наадмын нээлтийн агуулга бол “Мөнхөд гэрэлтэх Монгол”. Мөнхөд гэрэлтэхийн тулд хүн бүр сэтгэлдээ эх орноо тээж, эцэг, эхээ энэрч хайрладаг байх ёстой. 2500 орчим уран бүтээлч оролцлоо. Үүнийг та бүхэн тархиндаа “зажилцгаа” хэмээсэн нь олон нийтийг бараг л “доромжлов”. Мөн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа бол шоу тоглолт биш гэнэ лээ.
Түүний хувьд эх орны тухай философи нь эцэг, эхээ энэрч хайрлах байж болох ч олон түмний их баяр наадмыг омогшил, бэлгэдлээр амилуулж буй нийтийг төлөөлсөн уран бүтээлчийн хувиар ажиллаж байгаагаа санах хэрэгтэй. Энтертайнмэнт өнгө аяс харин ч нэн шаардлагатайг дурдах нь зүй. Оройн нээлтийн үзвэрт өдрийн тавилтаа давтсан. Үдшийн үйл ажиллагаанд өөр найруулга бүхий шоу дэглэсэн бол үзэгчдэд илүү таалагдах байв. “Рио Тинто” группээс наадамчин олонд зориулан бүтээсэн гурван минут орчмын бичлэг цацагдсан даруйдаа алмайруулсан. “Энэ видеог бэлтгэсэн багийнхнаар наадмын нээлт, хаалтыг дэглүүлмээр санагдаж байна”, “Кино мэт хийжээ, янзтай”, “Төр болон хувийн хэвшлийн хийсэн ажлын ялгаа харагдлаа” хэмээсэн сэтгэгдэл олон байв. Өв уламжлалыг сүржин даржнаар бус, цомхон агаад “күүл” хүргэж болдгийг тэд харуулсан. Ингэж л өнөөх залуу үеэ татаж болохыг төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь хүртдэг “нүсэр” найруулагчид нэг л ойлгохгүй байх шиг. Тухайн жил эх орныхоо нэрийг олон улсад гаргаж, томоохон амжилтад хүрсэн баг тамирчид, уран бүтээлчдийг хүндэтгэлийн суудалд урих тухай наадмын босгон дээр мэдээлж “попорсон”. Ингэхээс илүүтэй тэднийг нээлтэд оролцуулан, тоглолтынх нь нэгээхэн хэсгээс толилуулахад л нийтээрээ огших байв. Өнөө цагийн монгол хүний омогшил үүх түүх, Чингис хаанд бус, ирээдүйн залуучуудад байна шүү дээ, уг нь.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад зарцуулсан төсвийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч нийслэлийн ЗДТГ-аас таван тэрбум төгрөг хэмээн мэдээлсэн. Атал тоотой хэдэн хуушуурын цэгт хүмүүс хэдэн цагаар дугаарлан, халуун наранд “тамаа цайв”. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд үзэж сонирхох ч зүйлгүй уйтгартай, мөлгөр байгааг тэд ярьж зогссон. Түүнчлэн наадам болохоос ес хоногийн өмнө нээлт, хаалтын тасалбарыг худалдаанд гаргасан ч хэдхэн минутын дотор дууссан гэх. Гэтэл амьд хөгжмийн “Playtime” фестиваль жил гаруйн өмнөөс тасалбараа худалдаалж эхэлдэг. 12 мянган тасалбар ийм хугацаанд борлуулагдаж дуусах нь анхнаасаа хэн авах нь тодорхой болчихсон байдаг юм биш биз хэмээх хардлага төрүүлж буй. Суудлаасаа хамаарч 100-150 мянган төгрөгийн үнэтэй тасалбар төд удалгүй шагийн группуудэд 400 мянган төгрөгт хүрсэн юм. Зохион байгуулалтгүй, ил тод бус, сэжиг бүхий эл үйл ажиллагаанаас болж наадамчид, гадаадын жуулчид хохирсоор л байна.
Түүнчлэн жил бүр “Наадмын нээлт, хаалт дарга нарын гэр бүлд зориулдаг” хэмээх шүүмжлэл өрнөдөг. Төв цэнгэлдэхийн төв хаалгыг тойруулж хашаалаад, түүгээр иргэдээс давуу эрх эдлэн, харагдац сайтай суудлаас гэр бүлийн гишүүний хамт нээлт, хаалт үзэж, сонирхохыг энэ жил бүр ч хүчтэй эсэргүүцлээ. Тэд угтаа иргэдийн буюу олон нийтийн төлөөлөл. Цөөн суудалтай цэнгэлдэхийнхээ багагүй суудлыг эзэлж суучхаад, бусдаас давуу эрх эдлэх нь угтаа зохисгүй. Энэ бүхнээс харахад Үндэсний их баяр наадам нь монголчуудын бахархал, өв соёлын илэрхийлэл хэдий ч зохион байгуулалт, агуулга, хүртээмжийн түвшинд дорвитой шинэчлэл шаардаж буй. Төв цэнгэлдэхийнхээ суудлыг нэмж, эсвэл наадмаа өөр байршилд зохион байгуулахгүй бол горьгүй нь. Наадам нь ёслол төдий бус, орчин үеийн уран бүтээл, технологийн дэвшилд хүрсэн, жинхэнэ утгаараа бүх нийтийн баяр цэнгэл болох ёстойг энэ жилийн үйл явдлууд илүү тод харууллаа.
Баянхонгор, Сүхбаатар аймгийн бөхчүүд түрүү, үзүүр булаалдав
Улсын баяр наадмаар зүлэг ногоон дэвжээнд хүчит бөхчүүд зодоглож, сур харвааны алтан шар зурхайд эрхий мэргэчүүд цэц сорьж, шагайн харваачид асар майхан дэрвэтэл уухайлан сум тавьдаг нь үндэсний өв соёл, эх түүхээ хойч үедээ уламжлуулан, тусгаар тогтнолоо баталгаажуулдаг монгол түмний бахархал билээ. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх хүч сорьж, зургаа нь улсын цолны босго давав. Цолоо ахиулж, шөвгийн найм, дөрөвт үлдэх магадлалтай хэмээн тааварт орсон улсын цолтнууд доогуур даваанд өвдөг шороодож, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат тэргүүтэй “Зургаан залуу заан” зодоглоогүй нь наадамчин олныг гонсойлгосон. Цэнгэлдэхийн талбайд дэвссэн хиймэл шинэ зүлэг энэ удаа “булгиагүй” тул бөхчүүд халгаж, бэргэлгүй барилдав.
Хоёр, гурвын даваанд улсын цолтой 47 бөх тахимаа өгсөн нь олны анхаарлыг татаж, наадмын торгон ногоон дэвжээнд тун сонирхолтой олон зүйл өрнөх нь тодорхой болсон юм. Улсын өндөр цолтнууд эрэмбээрээ ам авсан ч хүч түрэн гарч ирсэн аймгийн цолтнуудыг унагаж барсангүй. Даваа өгсөх тусам барилдаан улам өрсөлдөөнтэй болж, хэний хүү үзүүр, түрүү булаалдах бол гэх сонирхол төрүүлж эхэлсэн. Дээш өгсөж барилдахаар тооцоолж байсан улсын арслан Ц.Бямба-Отгоныг аймгийн арслан О.Баярбаасан, Р.Пүрэвдагвыг аймгийн арслан М.Бэлгүтэй, улсын заан Б.Серикийг аймгийн арслан Ш.Отгонтөгс, улсын харцага Г.Бадрахыг аймгийн арслан Н.Өсөхбаяр, улсын харцага Ц.Мөнхбаярыг улсын начин Э.Батмагнай төвөггүйхэн өвдөг шороодуулна гэж огт төсөөлөөгүй биз ээ.
Тавын давааны барилдаан ширүүхэн өрнөж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан М.Бэлгүтэй улсын заан Д.Анараар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр улсын гарьд Б.Гончигдамбаар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын арслан Э.Оюунболдоор, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн арслан О.Наранбаатар улсын аварга О.Хангайгаар тав даван наадмын тааврыг будилуулж орхив. Баярлаж, огшсон үзэгчдийн сэтгэл догдлолоор зургаагийн даваа үргэлжилж, улсын начин Э.Батмагнай улсын харцага Б.Зоригтбаатараар зургаа давж цолоо ахиулсан бол аймгийн арслан О.Наранбаатар улсын гарьд Ө.Бат-Оршихоор, аймгийн арслан М.Бэлгүтэй улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж, улсын харцага цолны босгоор нүүр бардам алхсан. Аварга, арслан хоёр доогуур даваанд унаж, үзэгчдийн суудалд шилжсэн нь олныг алмайруулж, үнэнч хөгжөөн дэмжигч “краш”-уудаа багагүй бухимдуулав. Үзүүр, түрүүнд тунах тааварт зүй ёсоор багтсан хүчтэнүүд дэвжээг орхисон тул үзэгчид долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарыг давах хүч, уран барилдаан аль аймгийн бөхөөс гарахыг амьсгаа даран хүлээсэн. Улсын заан Б.Бат-Өлзий улсын начин Э.Батмагнай нар оноолт таарав. Э.Батмагнай хүчтэй учраадаа, аймгийн арслан Н.Өсөхбаяр улсын заан Б.Пүрэвсайханд нас залуу, бэлтгэл сайтар базааснаа мэдрүүлэн хаяж, улсын заан цолны болзол хангасан юм. Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан О.Наранбаатараар, улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан М.Бэлгүтэйгээр долоо давж их шөвөгт үлдэнэ гэдгээ “тунхаглав”.
Дархан аварга Н.Батсуурь улсын заан цолны болзол хангасан аймгийн арслан Н.Өсөхбаяр, улсын аварга П.Бүрэнтөгс улсын начин Э.Батмагнай нарын өрсөлдөөн энэ жилийн наадмын үзүүр, түрүү тодрох хамгийн торгон агшин байлаа. Наадамчин олон ч шинэ арслан, шинэ гарьд цолтон төрөхийг битүүхэндээ хүсэн хүлээсэн. Наадмын дэвжээнд хэдэн жил “босоо” явсан тэднийг өвдөг шороодуулахын тулд Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар зоримог, шийдэмгий барилдаан гаргах л чухал байв. “Айдгаа авдартаа хийсэн” залуус аатай аваргуудыг хаяснаар олныг шуугиулан үзүүр, түрүү булаалдахаар болов. Наадамчин олон Цэнгэлдэх даяараа хоёр бөхөд хүндэтгэл үзүүлэн есөн удаа давалгаалсны дараа есийн даваа эхэлсэн. Аль нь ч түрүүлж мэдэх барилдааныг шимтэхээр хүмүүс нам гүм болж, зарим нь Сүхбаатараас, нэг хэсэг нь Баянхонгор аймгаас түрүү бөх төрнө хэмээн бооцоо тавьж, дээлийнхээ захыг мушгиж суусан. Н.Өсөхбаяр учраа бөхийнхөө толгойг уургалж, цээжээрээ гаргахааргүй даран, хариугүй өвдөглүүлэх дөхөв. Гэвч Э.Батмагнай хүнд байдлаас гарч, тэр даруй гар ачин давж, түрүүлснээр хонгор нутгийнхны хүслийг биелүүлж, 76 жилийн дараа Төрийн их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон түүхэн амжилтын эзэн болсон юм.
Шинээр цол хүртсэн бөхчүүд
- Монгол Улсын начин цол Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Шаравдоржийн Отгонтөгс
- Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бямбадорж
- Монгол Улсын харцага цол Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бэлгүтэй
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Оюунгэрэлийн Наранбаатар
- Монгол Улсын арслан Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшингийн Батмагнай
- Монгол Улсын гарьд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр
1280 морь уралдуулахаар бүртгүүлсэн ч 850 орчим нь хасагдав
Хүй мандлын дэнжид унаач хүүхдүүдийн гийнгоон дуу цангинаж, өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны зургаан насны ангилалд нийт 850 орчим хурдан хүлэг шандас сорилоо. Сүргийн манлай болох азарганы уралдаанд 106 хурдан буян уралдаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Улсын алдарт уяач И.Золбоогийн хүрэн халзан түрүүлж, наадамчин олныг баясгав. Харин их насны морьдын уралдаанд 161 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Л.Анхбаатарын халзан халтар түрүүлжээ.
Наадмын дэнжид хурсан олныг огшоож омогшоож байдаг зүйл бол хурдан морины уралдаан. Тэр дундаа соёолонгийн тоосонд дарагдвал тухайн жилдээ хийморьтой явна хэмээн бэлгэшээдэг билээ. Тэгвэл өнөө жил 128 соёолон хурдалснаас түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ түрүүлэв. Тэрбээр “Хул үрээний минь эх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Улсын манлай уяач Цэдэвийн сүм саарал азарганы төл гүү юм. Хамгийн анх төрийн наадамд чонон саарал үрээгээ айрагдуулж байлаа. Би 2011 оноос морь уясан. Өнөө жил анх удаа төрийн наадмын түрүү авлаа. Энэ бол уяач болон унаач хүүгийн минь олон жилийн хөдөлмөр” гэсэн юм. Түрүү магнай хул соёолонг Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 14 настай Л.Төгсжаргал унаж хурдлуулжээ. Л.Төгсжаргал нь дөрвөн настайгаасаа хурдны морь унаж буй бөгөөд энэ нь түүний гурав дахь түрүү гэнэ.
Мөн соёолонгийн уралдааныг үзэхийн тулд өмнөх шөнө нь Хүй долоон худагт хонохоор майхантайгаа ирсэн хүн ч байв. Хот, Хүй долоон худгийн хооронд байн байн явахаас илүүтэй наадмын талбайдаа хонох майхнаа байрлуулчхаад тухтай баярлахыг илүүд үзэх хүн ч цөөнгүй байсан юм. Харин хязаалан насны морины уралдаанд 256 хүлэг бүртгүүлснээс 195 нь уралдаж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Улсын тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн түрүү магнайд ирэв. Шүдлэн насны морины уралдаанд 131 үрээ шандас сорьсноос Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор тэргүүллээ. Мөн 127 даага уралдсанаас Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ш.Мөнгөншагайн сартай хээр манлайлж, Дундговь аймгийн Луус сумын алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан аман хүзүүдсэн юм. Э.Улаанхүү “Хул халзан даага минь аман хүзүүдэж, төрийн наадмын цэнхэр хашаанд дахин орох өдөр ирлээ. Дундговь аймгийн Хулд сумын аймгийн алдарт уяач Б.Ариунболд ахын унаган даага. Ноднин намар төрөхөд нь надад бэлэглэсэн юм. Энэ жил би ганцхан даагатай төрийн наадамд оролцлоо” гэв. Эл даагыг Э.Улаанхүү уяачийн төрсөн хүү унаж уралдуулсан аж.
Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооныхон морьдыг шүдлэх, сэрвээний өндрийг хэмжихээс гадна уралдаанч хүүхдүүдийн биедээ авч яваа цахилгаан цохиулагч, холбооны станц болон зөвшөөрөгдөх хэмжээнээс урт сур зэргийг хураан авч байлаа. Түүнчлэн энэ үеэр сэрвээний өндөртэй холбоотой хэд хэдэн маргаан гарсан юм. Тодруулбал, азарганы сэрвээний өндөр 140 см-ээс ихгүй байх ёстой хэмээн Монголын хурдан морины уралдааны дүрэмд тусгасан. Энэ нь эрлийз насны морьдоос тусгаарлаж буй хэрэг. Гэтэл сүүлийн жилүүдэд шинэ монгол адуу хэмээх ойлголт нэлээд түгсэн аж. Энэ нь эрлийз адууг монголтой хээлтүүлж гаргасан төл юм байна. Ингэснээр бие нь давжаарч, монгол морьтой төстэй болдог учраас эрлийз адуу сэрвээний хэмжилтийг төвөггүй давдаг гэнэ. Энэ төрлийн адуу хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ч хурд хүч сайтай байдаг. Иймд зарим уяач сэрвээний өндрөөс шалтгаалан морьдыг хасах ёсгүй хэмээв.
Ташрамд дурдахад, өнөө жил нийт 1280 гаруй морь уралдуулахаар бүртгүүлсэн ч сэрвээний өндөр, шүд зэргээс үүдэн 850 орчим нь хасагдсан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин их тоо юм.
Өвөрхангай аймгийн “Гуа орд” багийнхан аваргаар тодорлоо
Шагайн харвааг Хамаг Монголын үед түгэн дэлгэрсэн хэмээн түүхийн ном зохиолд тэмдэглэж үлдээсэн байдаг. Хаад ноёд өргөөнд зугаацдаг байсан наадгай хожим үндэсний спортын нэг төрөл, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжжээ. Улсын баяр наадмын хөтөлбөрт шагайн харвааны тэмцээнийг 1998 оноос оруулсан нь өдгөө аймаг, сумд эрчимтэй хөгжих томоохон суурь болсон юм. Сонирхуулахад, 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн баярыг зохион байгуулахад 156 баг оролцсон нь одоо ч хамгийн олон баг оролцсон тойром хэвээр байгаа аж. Энэ жилийн Төрийн их баяр наадмын шагайн харваанд 110 багийн 900 харваач сум тавьж, шагайн асарт уухайлан чуулав. Үүнээс ахмадын ангилалд 24, өсвөр үеийнхэд 12, насанд хүрэгчдийнхэд 74 баг оролцсон.
Ахмад харваачдын ангилалд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай “Ай транс” компанийн баг тэргүүлж, Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, аймгийн гоц мэргэн А.Батбаяр ахлагчтай Орхон аймгийн “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” багийнхан мөнгө, Баянхонгор аймгийн Жаргалант харьяат, аймгийн гоц мэргэн Д.Гэндэнпил ахлагчтай “Хайхан өндөр” багийнхан хүрэл медальтай нутгаа зорьжээ.
Өсвөр үеийхний ангилалд Багахангай дүүргийн харьяат, А.Хаш-Эрдэнэ ахлагчтай, Төв аймгийн Баян сумын “Загалын асгат газар” компани, 91 дүгээр сургуулийн “Цэц баян” багийн харваачид аваргалж, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, Э.Баярхүү ахлагчтай, Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн “Халхголын мэргэчүүл” багийнхан дэд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Б.Төртүвшин ахлагчтай “Алтанговь Транс” компанийн багийнхан гутгаар байрт шалгарлаа.
Насанд хүрэгчдийн ангилалд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Монгол Улсын мэргэн Г.Наранбат ахлагчтай “Гуа орд” багийнхан тэргүүн байр эзэлж, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Наранбаатар ахлагчтай “Номт даншиг” компанийн багийн харваачид аман хүзүүдэж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Б.Түвшинбаяр ахлагчтай “Ханхонгор” багийнхан хүрэл медаль гардаж, нутгийнхандаа бэлэг барив.
Х.Хүрэлтуяа, Ч.Гандаваа нар Монгол Улсын мэргэн цолтнуудын эгнээнд багтав
Дархан мэргэн, даяар дуурсах мэргэчүүдээр ахлуулсан халх сур харвааны алтан шар зурхайд 640 орчим харваач ур чадвараа сорин өрсөлдлөө. Эхний 20 сумны дараа эрэгтэйчүүдээс Монгол Улсын гоц харваач О.Сүхбаатар, аймгийн мэргэн Б.Хатансайхан, С.Ариунбат, Э.Батсүх нар нэг ч алдалгүй 20, эмэгтэйчүүдээс улсын гарамгай харваач Ч.Гандаваа, аймгийн мэргэн С.Хулан нар мөн 20 сумнаас нэг ч дутаалгүй тэргүүлж эхэлсэн юм. Тэдний ард Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа, улсын мэргэн Л.Одсайхан тэргүүтэй 14 харваач 19 оноотой нэхэв. Тэргүүн байрын төлөө шилдэг найман эмэгтэй харваач цэц сорьсноос Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, “ХалиунӨндөр” багийн харваач Ч.Гандаваа 40 сумнаас 38 онолоо. Халх сурын харваанд сүүлийн жилүүдэд өндөр амжилт гаргаж, цөөнгүй товхлон аман хүзүүдсэн тэрбээр улсын наадамд түрүүлэхэд нэг л алхам дутаад байв. Наадамчин олон, нутгийн иргэд нь түүнийг энэ жил улсын цол хүртчихээсэй гэж горьдлого тээн, харж буй нь ажиглагдсан юм. Сурын талбайд хурсан олны итгэлийг дааж, зорилгодоо хүрсэн түүнд Монгол Улсын мэргэн хэмээн дуудуулах хувь заяа ингэж тохиосон билээ. Эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хороо, Мэдээлэл сүлжээний холбоо, “Жем” интернейшнл ХК-ийн харваач Х.Хүрэлтуяа түрүү байрын төлөө нутаг нэгт харваач, улсын мэргэн Н.Алтансүх, Баянхонгорын Баянлиг сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Б.Баянмөнх нартай оноо тэнцэн товх харвав. Баян-Өлгий аймгийнхан жил дараалж улсын цол¬тонтой, эсвэл Баянхонгорынхон шинэ мэргэнтэй болох, эсэхийг шийдвэрлэх хамгийн эгзэгтэй хором байлаа. Х.Хүрэлтуяа сүүлийн сумаа алдалгүй харваж, 40 сумнаас мөн 38 оносноор Монгол Улсын мэргэн цолнуудын эгнээнд багтаж наадамчин олныг баясгав. Сурын талбайд сум, саадаг агсан ирж, олон аавын хүүтэй мөр зэрэгцэн харваж, нутгийн сүрлэг уулсаа өндөлзүүлэн түрүүлсэн улсын цолтноо Буянт сумынхан баяр хөөртэй өлгийдөж авах нь тэр.
Наадмаар 4093 хүн ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авчээ
Баяр наадмын амралтын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10-17-нд Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 4093 хүн тусламж, үйлчилгээ авсныг мэдээллээ. Тэдний 2514 нь насанд хүрэгч бол үлдсэн нь 0-18 насныхан. Энэ өдрүүдэд ГССҮТийн алсын дуудлагын баг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ажилласан бөгөөд орон нутагт осолдож, гэмтсэн иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлжээ.
Түүнчлэн долоодугаар сарын 16-нд болсон “Торгоны зам” авто ралли олон улсын уралдааны үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн, ГССҮТ-д авчран яаралтай тусламж үзүүлсэн гэнэ. Мөн наадмын үеэр зам, тээврийн ослын улмаас 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгч 364, хүүхэд 304 байна. Мориноос унаж, гэмтсэн тохиолдол 111 бүртгэгдсэнээс ес хүртэлх насны хүүхэд 12, бусад нь 10-18 насныхан байж. Тэдний найм нь уралдааны мориноос унаж, гэмтжээ.
Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн 1307 хүнд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлснээс 530 нь хүүхэд байсан гэв. Ташрамд дурдахад, наадмын амралтын хугацаанд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн болон Амбулаторийн тасагт сайн дурын 50 гаруй ажилтан иргэдэд үйлчилсэн аж.
Сурвалжилсан: Г.БАТЦЭЦЭГ, Д.ХҮСЛЭН, У.ЦЭЦЭГСҮРЭН, Э.ХАРЦАГА, Ж.ЦОГТБАЯР