Жил бүрийн намар улсын цэцэрлэгүүд суралцагчдынхаа бэлтгэх зүйлсийн жагсаалтыг өөрсдийнхөө үзэмжээр гаргадаг гэхэд хилсдүүлсэн болохгүй. Эцэг, эхчүүдийн зэхдэг эрүүл ахуйн бараа сэлт, хичээлийн хэрэгслийн нэр, төрөл, тоо ширхэг харилцан адилгүй байдаг учраас үүнтэй холбоотой гомдол, санал ч байнга гарсаар ирсэн. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн ахуйн болон хичээлийн хэрэгслийн жагсаалтыг ирэх хичээлийн жилээс шинэчлэхээр болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалтыг Боловсролын ерөнхий газрын даргын энэ оны тавдугаар сарын 30-ны А/146 тоот тушаалаар баталсан юм байна. Үүний дагуу жагсаалтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэд уг ажлын хүрээнд эхний ээлжид эцэг, эх, асран хамгаалагчдаас жагсаалтыг хэрхэн шинэчилбэл үр дүнтэй талаар нээлттэй санал авч эхэлсэн аж.
М.Гэгээ