Монголын дрон нисгэгчдийн холбоо болон дрон сонирхогчдын клуб, “Шамбала-2056” төслийн баг хамтран ирэх сарын 8-10-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумд дроны уралдаан зохион байгуулах нь. Энэ нь үндэсний хэмжээнд мэргэжлийн нисгэгчдийн дунд орон нутагт зохиох анхны уралдаан гэдгээрээ онцлог аж.
“Нүүдэлчдийн арт технологи” уралдаан нь хүүхэд, залуусын сонирхлыг дэмжих, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хөгжил, дэвшилт шийдлийг сурталчлахаас гадна говийн бүс нутагт хэрэгжүүлж буй “Шамбала-2056” төслийг олон нийтэд таниулах зорилготой гэнэ. Байгаль орчин, инженер, технологийн гээд салбар салбарын залуус цөлжилт, газрын доройтлыг бууруулж, ногоон байгууламж бүхий инженерийн суурин бий болгох зорилгоор сүүлийн жилүүдэд Эрдэнэ сумд эл төслийг хэрэгжүүлж буй юм. Тэгвэл дроны уралдааныг төслийн талбайд зохион байгуулах юм байна.
Н.Мишээл