Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ЗГХЭГ-ын дэд дарга, тус компанийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчаар энэ сарын 9-нд томилсон билээ. Дотоодын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх ажиллагааны явц, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанид тулгарч буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг харгалзан ийм шийдвэр гаргасан юм. Үүний мөрөөр Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхай, боомтод ажиллан, компаниас хэрэгжүүлж буй төслүүд болон Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын зохион байгуулалт, нүүрс тээвэр, хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцлаа.
Тэрбээр уурхай, төмөр замын тээвэр, Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв (ТНАЛТ) болон түр ачих талбайд очиж, уг компанитай байгуулсан гэрээ нэг бүрийн биелэлт, гүйцэтгэл, талуудын болзлыг нарийвчлан шалгах үүрэг өгсөн юм. Зөрчил илэрвэл дүгнэлтийг нь холбогдох хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахыг даалгасан. Энэ үеэр Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн сайд нарт өнөөгийн нөхцөл байдлаа дэлгэрэнгүй танилцуулав. Уг онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, тээвэр, борлуулалт гурвыг сайжруулах нь тэдний нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэнэ. Тэр дундаа биржийн арилжааг идэвхжүүлснээр авто замаар хүргэж буй тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, БНХАУ-ын эцсийн хэрэглэгчид борлуулах боломжийг бүрдүүлэх, төрд ногдох ногдол ашгийн өр төлбөрийг бууруулах хэмээсэн нь анхаарал татлаа.
Гашуунсухайт-Ганцмодны боомтод түшиглэсэн цогц төслүүд экспортыг хоёр дахин, эдийн засгийг 1.8-3.2 хувиар өсгөж, 5000 гаруй ажлын байр бий болгон, жилд дунджаар 876.5 тэрбум төгрөгийн ашиг олох урьдчилсан статистик тооцоог гаргасан аж. Түүнчлэн нийт 9.3 их наяд төгрөгийн өртөг бүхий төслүүдийн санхүүжилтэд өнгөрөгч мягмар гаргийн байдлаар 7.1 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс уурхайн ам нөхцөлтэй нүүрсний борлуулалт 10 хувиар багасаж, биржийн борлуулалт 61 хувиар буурснаар компанийн нийт нүүрсний экспорт 71 хувиар буураад буй нь хүндрэл учруулж байгаа гэнэ. Товчхондоо, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж, биржийн арилжааг идэвхжүүлэх, эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулах, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьснаа Ерөнхий Г.ЗАНДАНШАТАР: Тавантолгойн уурхай ард иргэдийн эзэмшил болохоос авлига, цавчааны газар биш сайд тэргүүтэй албаныханд танилцуулсан юм.
Харин албаныхан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах ёстой гэв. Түүнчлэн зах зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг бий болгох, БНХАУ-д агуулах барих, тээвэр ложистикийн нөхцөлийг бүрдүүлэх, “Гашуунсухайтын авто зам” компанийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахад анхаарч ажиллах нь чухал хэмээн онцолсон.
Ханги-Мандалын боомтоор нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй аливаа асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж, шийдлийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд зардлаа бууруулж, үр ашгаа 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэн, хэмнэлтийг горимд шилжүүлэхийг үүрэг болголоо. Цомхон, чадварлаг ажилтнуудтай, компанийн засаглалыг оновчтой болгох саналаа тооцоо судалгаа, үндэслэлтэй боловсруулж, тэд ирэх сарын 10-ны дотор танилцуулах нь. Уурхайн олборлолтын өртгийг бууруулах шаардлагын үүднээс далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх, Засгийн газрын 14 мега төслийн нэг болох “Нүүрс-химийн цогцолбор”, “Үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүл хэмээлээ. Мөн энэ онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулах аж. 2024 онд ашиглалтад оруулсан тус төвийн зарим техник эвдэрч, төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс зохих ёсоор шалгуулах нь зүйтэй гэв. Ийнхүү талууд асуулт асууж, хариулан, үүрэг, чиглэл авч дуусав.
Үүний дараа албаныхан шаталсан олборлолттой, том оврын ачааны машинууд энд тэндгүй байх Тавантолгойн ил уурхайд зочиллоо. Нүдэнд багтамгүй энэ уудам орд бол манай улсын “саалийн үнээ” билээ. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай буюу нүүрс нь валютын орлогын голлох эх үүсвэрийн нэг юм. 2023 оны байдлаар уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 25 хувийг бүрдүүлж, экспортын орлогын 90 хувийг дангаараа эзэлж байв. Үүнээс нүүрс нийт экспортын 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Гэвч олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэл, тээвэр ложистикийн саад, боомтын асуудал зэргээс хамаарч экспорт тогтворгүй, эдийн засгийн өсөлтөд савлагаа үүсгэдэг нь нууц биш. Ийм нөхцөлд нүүрсний экспортын хэмжээ болон орлого, валютын ханш, төсвийн орлого, улсын эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг стратегийн салбар хэвээр байгаа юм.
ТНАЛТ, түр ачих талбай, Тавантолгойн өртөө, нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлига, цавчааны уурхай байж таарахгүй. Энэ нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий компани бөгөөд иргэд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулан эзэмшдэг. Гэвч тус компанид авлигын шинжтэй асуудлууд үүсэж, ард түмний өмч ашиг сонирхлын бүлгийн уурхай болох эрсдэлтэй байна. Үүнтэй холбогдуулан компанид онцгой байдал тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Мөн Тавантолгойн нүүрсний асуудалтай холбоотой хууль бус үйлдлийг шалгуулах зорилгоор АТГ-аас гурван төлөөлөгч томилж, хуулийн байгууллагуудаар асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхэн нь компанийн засаглалыг сайжруулж, шударга ёс, ил тод байдлыг төлөвшүүлэх зорилготой. Үүний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, борлуулалт өсөхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимжих хүлээлттэй байна. Ирэх хоёр жилд нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Уг үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагууд хяналт тавин ажиллах болно. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, санхүүгийн сахилга батгүй олон асуудал үүссэн нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжүүлж эхлээгүй төсөл, хөтөлбөрүүдийг царцаах нь зүйтэй” хэмээсэн.
Түүнчлэн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх болон Нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг арилгах чиглэлийг холбогдох сайд нарт өгөв. Яамд болон салбар хоорондын уялдаа алдагдсанаас үүдэлтэй үргүй зардал их гарч байгааг мөн тодотголоо. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайд байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж буй. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулсныг өмнө нь дурдсан. Ингэснээр үүссэн саад тотгороо арилгаж, нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж үзлээ.
Хэрэв дээр дурдсан төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл орлого, борлуулалт тус бүр 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэх юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлоод байна. Энэ нь нийт геологийн нөөцийнх нь хоёр хүрэхгүй хувь аж. Зүүн уурхай 43, баруун нь 53 жилийн нөөцтэй аж.
Харин Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн “Сүүлийн үед олон улсын зах зээлд нүүрсний үнэ буурсан нь Монгол Улсын экспортын орлогод тодорхой эрсдэл үүсгээд байна. Иймд Засгийн газар холбогдох асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргаж, олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг сайжруулах чиглэлээр гурван багц ажил, нийт 10 чиглэлээр арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Эдгээр ажлын үр дүнд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг өсөлт гарах төлөвтэй” гэсэн бол “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун “Бид БНХАУ-ын “Чайна энержи” компанитай урт хугацааны, нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. 2025 оны зургаадугаар сарын 22-ноос анхны тээвэрлэлтээ амжилттай эхлүүлсэн бөгөөд өдөрт 36 мянган тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замыг барьснаас хойш хангалттай ашиглалгүй өдий хүрсэн. Одоо тогтмол тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлснээр хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх боломж бүрдэх юм. Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэж, валютын ханшийн өсөлтийг сааруулах эерэг нөлөө үзүүлнэ” гэв.
Тавантолгойн уурхайд гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх онцгой дэглэмийн хүрээнд төрөөс тогтоосон хатуу хяналт, сахилга батыг мөрдүүлж, ил тод, нээлттэй, үр ашигтай компани болгох зорилт тавьжээ. Түүнчлэн олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог сайжруулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, тогтвортой экспортын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг ийнхүү эхлүүлж байна.
Д.Хүслэн