
Алдарт дуучин Селин Дион зургаан жил хүнд өвчинтэй тэмцэн, түүнийгээ даван туулсний дараа анхны тоглолтоо Парист өглөө.
The Guardian сонинд бичиж буйгаар дуучин бүсгүй узэгчидэд хандан үг хэлэх үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлжээ.
Би амласан. Би буцаж ирээд дахин тоглолт хийнэ гэж амласан. Тэгээд би энд байна, та бүхэнд болон өөрийнхөө төлөө дуулж байна. Та бүхний дэмжлэг, тэвчээрт маш их баярлалаа. Та нар намайг хайрладаг учраас би оршиж байгаа" гэж Селин нулимс дуслуулан сэтгэлээ хуваалцав.
Тэрээр сүүлийн бүрэн хэмжээний тоглолтоо 2020 онд хийсэн байдаг.Селин булчингийн хөшинг хам шинжийн улмаас удаан хугацаанд тайзан дээр гарч чадаагүй юм. Өвчнийхээ улмаас уран бүтээлч Courage World Tour аялан тоглолтоо хойшлуулж, дараа нь бүрмөсөн цуцалсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг тайзан дээр хэзээ ч эргэж ирэхгүй байж магадгүй гэж мэдээлж байсан юм.
Гэсэн хэдий ч Селин өвчинтэйгээ тэмцсээр байсан бөгөөд амьдралынх нь энэ үеийг "Би бол: Селин Дион" нэртэй баримтат кинонд харуулжээ. Кинонд Дион эмчилгээ хийлгэж, хүнд өвдөлт, бие махбодийн хөдөлгөөний хязгаарлалттай байсан ч дуу хоолойгоо сэргээхийг оролдож байгааг үзүүлсэн байдаг.
Булчингийн хөшинг хам шинж буюу анагаах ухааны хэллэгээр Stiff-Person Syndrome (SPS) нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг, булчингууд огцом хэлбэрээр хөшиж чангарах болон их өвдөлт (таталт, зангирах) үүсгэдэг маш ховор тохиолддог мэдрэл-дархлааны эмгэг юм