Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд харьцангуй өсгөлүүн болж буйг “Our world in data” судалгааны тайланд тулгуурлан ВВС мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн зууны хугацаанд дэлхийн хэмжээнд хүмүүсийн дундаж өндөр 10 см-ээр нэмэгдсэн нь дархлаажуулалт зэргээр шинжлэх ухааны хөгжлийн дэвшил, хоол, хүнсний шим тэжээл сайжирсан, амьжиргааны түвшин өссөнтэй холбоотойг дурджээ. Уг эх сурвалжийн мэдээллээр 1996 онд төрсөн эрчүүд дунджаар 171, эмэгтэйчүүд 159 см байжээ. Харин 100 жилийн байдлаар авч үзэхэд тухайлбал, 1896-1996 онд төрсөн хүмүүсийн өндрийн хэмжээ нэлээд зөрүүтэй байна. Мэдэгдэхүйц өөрчлөлт нь Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд болон Ираны эрчүүдэд бүртгэгджээ. Тэдний “сунасан” үзүүлэлт нь 20, 17 см. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ нь өвчлөл буурсан, хоол тэжээл сайжирсан зэрэг хүчин зүйлтэй холбоотой. Гэхдээ түүхийн тодорхой үеүдэд үзүүлэлт харилцан адилгүй буюу жишээ нь, 12 000 жилийн өмнө хүмүүс уламжлалт “гөрөөчин” ахуйгаагаас хөдөө аж ахуй, газар тариалан руу аажим шилжсэн нь дундаж өндрийг бууруулахад хүргэсэн гэж үзэж байна. Харин дараагийн зуунуудад тухайлбал, Англи дахь хар үхлийн үе (1.5-аас 3 сая гаруй хүн нас барсан) хэмээдэг тахлын үе буюу 1348-1350 оноос хойш хүн амын дундаж өндөр нэмэгдсэн гэдгийг тэмдэглэжээ. Араг ясны судалгаагаар XIV-XIV зууны хүмүүсийн өндрийн хэмжээ 170-174 см байсныг судлаачид хүн амын тоо буурсны дараа цалин хөлс нэмэгдэж, амьжиргааны нөхцөл сайжирсантай холбон тайлбарлав. Өөр нэг чухал зүйл нь XVII зуунд аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээр хүмүүсийн дундаж өндөр тогтвортой нэмэгдсэн. Судалгааны багийнхан “Өнөөдөр хөгжингүй орнуудад орлого, бүтээмж, үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний хэмжээ нэмэгдэж байгаа нь дундаж өндрийг нэмэгдүүлэх хөшүүрэг биш болсон. Магадгүй “суналт” хүрэх дээд хэмжээндээ дөхсөн” гэж таамаглажээ.
Иргэдийн өсгөлүүн байдлаар Нидерланд (эрчүүдийн дундаж өндөр 182.5 см), Латви (эмэгтэйчүүд 169.8 см) улсад бүртгэгджээ. Ийм эерэг өөрчлөлтийн шалтгааны 80 гаруй хувийг удамшил, гентэй холбоотой ч бодит үсрэлт нь хоол тэжээл, хүүхдийн өвчлөл буурсан, дархлаажуулалт, амьжиргааны түвшин өссөний үр дүн.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд монголчуудын дундаж өндөр дэлхийнхнээс зөрөхгүй тохирч байгаа буюу бид ч ойролцоогоор 10 см-ээр “сунажээ”. Олон үе шаттай томоохон судалгаануудад дурдсанаар монгол эрчүүдийн өндөр 100 жилийн өмнө 159.1, ХХ зууны эцэс гэхэд 169.1 см байжээ. Харин өнөө үед нийслэлийн өсвөр үеийн хөвгүүд, залуучууд 171-173 см өндөр байна. Эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 147.9 см-ээс 10.3 см нэмэгдэж 158.2 болжээ. Хамгийн сонирхолтой нь, археологийн малтлагийн дүнгээс харахад Чингис хааны үед нүүдэлчдийн дундаж өндөр 168 см байжээ. Дундад зуунаас хойш тусгаарлалтын үе, цаг уурын хатуу ширүүн нөхцөл, хоол хүнсэн дэх тодорхой эрдсийн дутагдал зэргээс шалтгаалан өндрийн хэмжээ ялимгүй буурч эхэлсэн ч ХХ зуунд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, амьдралын чанар дээшилснээр хурдацтай “сунах” болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Э.Хана