Шүд цоорох, буйл үрэвсэхийг хүмүүс амны хөндийн асуудал төдийхнөөр ойлгодог. Гэвч аманд үржсэн нян цусны урсгалд нэвтэрч, зүрхний эд, хавхлагыг гэмтээх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, буйлны архаг үрэвсэл нь зүрх, судасны өвчлөлтэй холбоотой бөгөөд амны хөндийн нян цусанд нэвтэрснээр зүрхний дотор бүрхүүл, хавхлагыг халдварлуулж, халдварт эндокардит өвчин үүсгэж болзошгүй аж.
Сонирхолтой нь, зөвхөн шүдний эмчилгээний үеэр бус, өдөр тутмын шүдээ угаах, завсрыг нь утсаар цэвэрлэх үед ч буйлнаас нян цусанд түр нэвтрэх боломжтой. Гэхдээ эрүүл хүний дархлааны тогтолцоо ийм нянг ихэвчлэн устгадаг гэнэ. Харин хиймэл хавхалгатай, өмнө нь халдварт эндокардитаар өвдөж байсан, төрөлхийн гажигтай хүмүүст эрсдэл өндөр аж. Тиймээс шүдээ өдөрт хоёр удаа фтортой оогоор угааж, завсрыг нь зориулалтын утсаар өдөр бүр цэвэрлэн, тогтмол хугацаанд шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа буйлнаас байнга цус гарах, хавдах, шүд сулрах зэрэг шинж тэмдгийг үл тоомсорлож болохгүй. Эдгээр нь буйлны өвчний шинж байж болох тул эрт үед нь эмчлүүлэх нь амны хөндийн халдвар даамжрахаас сэргийлэх ач холбогдолтой юм.
У.Сүрэн