АТГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Замын-Үүд боомтын гаалийн байцаагчдыг уржигдар оройноос шалгаж эхэллээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэнд ажилладаг Гааль, татварын ерөнхий газрын гаалийн улсын ахлах болон байцаагчдын албан өрөөнд 18.00 цаг өнгөрөөд үзлэг хийж эхэлсэн бөгөөд бүгд прокурорын зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэнэ. Сэжигтэй мэдээллийн мөрөөр АТГ-ынхан багагүй хугацаанд баримтжуулж, улмаар нэгжлэг хийх саналаа прокурорт танилцуулан зөвшөөрөл авснаар хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх албаны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нэгжлэгээ явуулсан байна.
Замын-Үүдийн гаалийн зарим ажилтантай өчигдөр 15.00 цагийн үед холбогдоход “Лхагва гаригийн орой 20-иод хүн ирээд биднийг гарч, орж болохгүй гэж анхааруулаад нэр бүхий хэдэн байцаагч, ахлах байцаагчийн өрөөнд үзлэг нэгжлэг хийсэн. Одоо ч заримынх нь нэгжлэг хараахан дуусаагүй бололтой, байцгааж л байна. Энд ажиллаж буй байцаагчид нэлээд түгшсэн байдалтай ажлаа хийх нь хийж, ажиглах нь ажиглаад л сууна. Гэхдээ боомтын үйл ажиллагаа хэвийн байгаа” гэв.
Замын-Үүдийн хууль хяналтын байгууллагынхантай холбогдоход “АТГ-ын ажилтнууд өчигдөр оройноос гаалийн байцаагчдын өрөө тасалгаанд нэгжлэг хийсэн. 10-аад байцаагчийг эрүүгийн хэргийн сэжигтнээр татаж болзошгүй гэх мэдээлэл байна. Зарим байцаагчийн ширээнээс ямар зорилготой хадгалж байсан нь тодорхойгүй их хэмжээний мөнгө гарсан гэсэн. Хамгийн багадаа нэг сая төгрөг гарсан талаар энэ хавиар шивэр авир гэлцэж байна. Бид АТГ-ын шалгалтын үйл ажиллагаанд оролцохгүй болохоор ажиглаж сууна” гэлээ.
Бидэнд олдсон мэдээллээр Замын-Үүдийн гаалийн газарт ажилладаг цөөнгүй байцаагч ээлж солигдохын өмнө амжуулна гээд “чингэлэг өшиглөх” ажил хийж, багагүй мөнгөтэй болж байсан нь ийнхүү үйлдэл дээрээ баригдсан сурагтай. АТГ-ынхан өнөөдөр Улаанбаатарт ирж, сэжигтэй этгээдүүдээс заримыг нь цагдан хорьж шалгах хүсэлт прокурор, шүүхэд гаргана гэсэн мэдээлэл ч байна.
Цахим мэдээллийн хэрэгслээр Замын-Үүдийн гаалийн байцаагчдыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор АТГ-аас “Тус газрын албан хаагчид 2016 оны гуравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Замын-Үүдийн гаалийн байцаагч нар БНХАУ-аас бараа оруулж ирдэг наймаачдаас хахууль авч, татварыг нь хөнгөлдөг байсан хэргийг АТГ-ынхан шалгаж шүүхэд шилжүүлээд буй. Тус Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат болон байцаагч М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарыг прокурор хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан, төрийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгасан бөгөөд хэрэг нь шийдэгдээгүй байхад дараачийнх нь байцаагч нар үйлдэл дээрээ баригдлаа. Гаалийнхан Замын-Үүдэд албан тушаал буурч буй байцаагчдыг бус, шагналын журмаар томилдог гэх яриа байдаг. Магадгүй хэрэгт сэжиглэгдсэн байцаагч нар “шагнал”-аар тус боомтод томилогдсон бололтой.
Г.РАВЖАА