Габриэль Гарсиа Маркес
Инээмсэглэлийг бүү орхиорой. Гунигтай байсан ч инээмсэглэ. Таны инээмсэглэлд хэн нэгэн татагдан, дурлах л болно.
“Аав, ээж чинь заримдаа хэтэрхий үглээд байх шиг санагдаж байна уу. Уг нь тэдний буруу биш л дээ. Гэхдээ тэднийг эвтэйхэн “аргалах” боломж бий. Чи зүгээр л өөдөөс нь харж байгаад нэг сайхан инээчих. Тэвэрч аваад үнсвэл бүр болж байгаа нь тэр”.
Энэ бол өсвөр насныханд хандсан олон улсад алдартай шилдэг таван сэтгэл судлаачийн зөвлөгөө. Ердөө нүүрний булчинг жаахан л хөдөлгөхөд амьдралд ямар гайхалтай өөрчлөлт авчирдгийг инээмсэглэл та бүхэнд мэдрүүлээд өгнө. Уур уцаар, гомдол тунирхал, хөшүүн сэтгэл, хүйтэн харилцаа энэ бүх “өвчнийг” чинхүү инээмсэглэл л илааршуулдгийг дэлхийн эрдэмтэд хэдийнэ баталсан.
Нэвтэрхий тольд бичсэнээр инээх нь тархины үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд эд, эсүүд илүү нөхөгддөг юм байна. Тэгэхээр тархиа дасгалжуулж, тамиржуулахын төлөө инээгээд л байхаас. Үр дүн нь үргэлж эерэг байдаг болохоор инээхээс татгалзаад яах юм бэ. Бүр хацраа хагартал, өрцөө таттал, нус нулимсаа сугартал инээцгээе. Учир шалтгааныг нь битгий асуу, найз аа. Зүгээр л намайг дагаад “савж уна”.
Зуун жил “ганцаардсан” Маркесын хэлснээр гуниглаж байхдаа ч тархиа ажиллуулж, инээмсэглэлийг дагуулъя. Тэр үед зүрх баярлан оволзож, судас тэлж, биеийг халуу дүүгүүлнэ. Энэ бол бие махбодид гарах хэсэгхэн өөрчлөлт. Үүнээс цаашлаад уушги тэлж, амьсгалын хэмнэл өөрчлөгдөн “дүлий” элгийг ёворно. Тэгээд зогсохгүй тархи аз жаргалын даавар эндорфинээ оргилуулан цацаж, уур бухимдлыг дарагч серотонинийг зүрхэнд бэлэглэнэ.
Бие дотор ийнхүү найр хурим болоход уруул, хацар, нүд, хөмсөг үүнийг нь гадаад ертөнц рүү шууд дамжуулан, цацна. Үүний дүнд инээмсэглэн буй таныг хараад дэргэд байгаа бүхэн даган баясна. Тэгээд зогсохгүй танаас авсан “өвчнөө” өөр нэгэнд халдаана. Шведийн эрдэмтэд инээд “халдвартайг” судалгаагаараа баталсан шүү дээ.
Инээмсэглэл ийм л хүчтэй эд аж. Тиймээс ч гелотологи гэсэн салбар шинжлэх ухаан бий болсон. Инээд хөөр, инээмсэглэл бие, эрхтэнүүдэд хэрхэн нөлөөлдгийг судалдаг гэсэн үг. Ингэж хүн төрөлхтөн тусгайлан судалж байгаа инээд гэдэг зүйл биднийг төрөхөөс л дагадаг шүү дээ. Гэтэл бид түүнийг ил гаргаж хэрэглэхдээ жаахан хойрго ханддаг болжээ.
Тиймээс өрөөлөөс гуйхгүй, үнэлж авахгүй үнэхээр сайхан “өмч хөрөнгөө” нэгэндээ харамгүй өгч байя, хүмүүс ээ
Өнөөдөр дэлхийн хэдэн тэрбум хүн инээдээр халгиж, “татаж, савдаг” онцгой өдөр билээ. Олон улсын инээдмийн өдөрт зориулан “Өнөөдөр” сонины хамт олон ийм нэгэн сонирхолтой дугаар бэлдлээ. Болгооно уу. Өдөр бүр дэлгэцэнд нүүрээ наагаад, үе мөчөө “царцтал” суудаг, сандал, ширээний үнэнч найзууд аа, хүзүү толгойгоо хөдөлгөж, шар усаа тараахад чинь туслахаар “Чөлөөт цаг” секцээ маань “хөлөө сойгоод” хөндлөн хэвтчихлээ. Эргүүлж тойруулаад амтархан уншаарай. Бид стресс, бухимдлаараа дэлхийд эхний 10-т эрэмбэлэгджээ. Өдөр бүрийн өр шир, энэ тэрээ өнөөдөр л ганц мартаад тархи, зүрхээ эрчимтэй гижигдэцгээе.