УИХ-ын ээлжит бус чуулган хоёр хоног дараалан ирц бүрдсэнгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо. Цөмийн хаягдалтай холбогдуулан зарим бүлэг хүн хурлыг санаатай хойшлуулж байна гэсэн хар ч газар авсан. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүдийн хувьд цөмийн хаягдлаас ч илүү эмзэг асуудал хэлэлцэж буй юм байна. Хувьдаа бэлэн хувцасны үйлдвэртэй Б гэх УИХ-ын гишүүнийг улс төрийн “акул” гэдэг. Олон жилийн турш эрх мэдлээ хуваалцсан гишүүдийнхээ дунд болон намуудад ч тэр нэр хүндтэй. Тэрбээр байр сууриа ашиглан хаалттай ээлжит бус чуулган нууцаар хуралдуулсныг “Өнөөдөр” сонин олж мэдлээ. УИХ-ын гишүүдийн л мэдэх ёстой байсан уг ээлжит бус чуулганаар садар самууныг хязгаарлах зорилгоор хэн нэгний хажууд нүцгэн явахыг хориглосон хууль баталсан байна.
Энэхүү хууль нь иргэн гэртээ байхад ч үйлчлэх юм. Мөн гэр бүлийн гишүүд нь уг хуулийг зөрчиж байгааг баримтжуулж чадах юм бол “сэтгэл зүйн дарамт” гэсэн нэрийдлээр шүүхэд өгөх боломжтой аж. Ойрын жилүүдэд манай улстай дипломат харилцаа сайжирч байгаа Сингапур улсад ийм хууль аль хэдийнэ баталснаас санаа авсан гэнэ. Итгэхэд хэцүү энэ хуулийг санаачлагч нь “үндэсний үйлдвэрлэлийг дэмжих” зорилготой гэсэн тайлбар өгсөн байна.
Мэдээж хэрэг ямар ч эдийн засгийн үндэслэлгүй энэ шалтгаанаас болж УИХ-ын гишүүд уг хуулийг батлаагүй. Сонгуулийн жил намуудын эрх ашиг, санхүүжилт гэсэн хоёр том хүчин зүйл л УИХ-ын гишүүдийг ийм хууль батлахад хүргэнэ. Нэг хоногийг эсэргүү гишүүдээ номхруулахад зориулсан УИХ уг хуулийг өчигдөр баталсан байна. Сонгуулийн жилийн холион бантанг ашиглаж хэрэгжүүлсэн энэ хуулиа сонгуулийн дараа л хэрэгжүүлэх нь ойлгомжтой. За за, тоглосон юм аа. Дөрөвдүгээр сарын 1-ний мэнд.