Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг АТГ-ын ажилтнууд саатуулан шалгаж буй тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө бидэнд ирсэн юм. Тухайн үед прокурор, АТГ-ынхан “Саатуулсан гэдэг нь худлаа. Барилга, хот байгуулалтын яамныхантай холбоотой хэргийг шалгах нь шалгаж байгаа” гэсэн мэдээлэл өгч байв. Харин түүнийг өчигдрөөс эхлэн цагдан хорьж шалгаж буй гэнэ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.
-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг ямар үндэслэлээр хорьж шалгаж байгаа юм бэ. Хоёр хоногийн өмнө саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байсан?
-Авлигатай тэмцэх газраас Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268.2-д зааснаар шалгаж байгаа нь үнэн. 2016 оны гуравдугаар сарын 31-нээс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч саатуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Олон нийтэд үнэн зөв, бодиттой мэдээлэл өгөх үүднээс товч мэдээлэл өгч байгаа юм.
-Замын-Үүдийн гаалийнхныг танай ажилтнууд ажлын байранд нь нэгжлэг хийсэн нь олны анхаарлыг татаад байгаа. Ямар албан тушаалтнууд хахууль авч байгаад баригдсан юм бол?
-Гааль, татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга М-ийг албан тушаалын эрх мэдлээ ашиглан, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268.2-д зааснаар шалгаж байгаа. М нарыг өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нээс эхлэн цагдан хорьж шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа болохоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Харин АТГ-аас Гааль, татварын ерөнхий газартай хамтран тухайн салбарын хэмжээнд төрийн албаны болон байгууллагын ёс зүйн дүрмийг чандлан сахиж ажиллах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хор аюулыг албан хаагчдад ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын шалтгаан нөхцлийг илрүүлэн тогтоох, үр дагаварыг нь арилгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Р.Эрдэнэбүрэн, М нарын үйлдэл нь хоорондоо холбоотой юм уу?
-Р.Эрдэнэбүрэнг Гааль, татварын ерөнхий газрын зарим албан хаагчидтай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгасан зүйл байхгүй. Эдгээр хүмүүс нэг өдөр саатуулагдсан болохоос тус тусдаа өөр эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа гэлээ.
Нэгэн цагт АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулахаар болоход МАН-ынхан нэлээд эсэргүүцэж байсан. Гэвч АН-ынхан олонхоороо зүтгүүлсээр уг албан тушаалд томилуулсан билээ. Албан тушаалдаа очсоныхоо дараа эрх мэдлээ мөнгө олох хэрэгсэл болгон ашигласан нь ийнхүү АТГ-ынхны хараанаас мултарсангүй. Түүнийг сонгуулийнхаа мөнгийг бэлтгэж, хахууль авч байсан байх магадлалтай гэж ярих хүн ч БХБЯ-ны ажилтнуудын дунд байдаг юм билээ. БХБЯ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг гээд 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг "Үнэ тотворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд авч түүнийгээ хуваарилахдаа бусдаас хахууль авсан гэж буруутгагдаж буй аж.
Тэрбээр БХБЯ-ныхаас гадна Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.