-Би СУИС-д жүжигчин Р.Анхням, А.Өнөржаргал (Өөскө), Д.Баттөмөр (Батаа) нартай нэг анги байсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багш бидэнд хичээл зааж, журналын нэрсийн дарааллаар дуудаж самбарын өмнө гаргадаг байлаа. Нэг хичээлийн үеэр А.П.Чеховын намтар, уран бүтээлийн талаар уншиж ирэх даалгавартай байсан юм.
Гэтэл багш орж ирээд “Энэ удаа журналын нэрсийг хойноос нь эхэлж дуудна” гэдэг юм байна. Ингээд Өнөржаргалыг дуудахад өнөөх чинь сандарсандаа ширээний найзынхаа дэвтрийг аваад гарч л дээ. Тэгээд “Чехов 1860 онд Тангараг хотод төржээ” гээд л өөртөө үнэхээр итгэлтэй “аваад” хаясан. Багш ч “Юу гэнээ, дахиад хэл дээ” гэж гайхаж, хүүхдүүд ч бөөн инээдэм болсон. Таганрог хотод төрсөн гэж бичсэнийг нь буруу уншчихсан юм билээ.
Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир:
-VIII ангид байхад нэг найзаа сайн болсон охинтой нь үерхүүлэх гээд гэрийг нь зорьж билээ. Гурван найз гэрийнх нь гадаа яваад очлоо. Нөгөө охинтой үерхэх гэж буй жинхэнэ “баатар” маань ичээд ер хөдөлдөггүй шүү. Тэгээд ямар ч байсан Хуягаа гээд найз маань охиныг дуудаад, орцных нь үүдэнд гаргаад ирлээ.
Өнөөх чинь ичээд нөгөө охиныг харах нь байтугай ойртдог ч үгүй, хол зогссоор л. Нэлээд хугацаа өнгөрсний дараа Хуягаа “Та хоёр одоо үерхэж байгаа юм чинь үнсэлц” гээд л хэлчихлээ, тэгсэн манай хүн сандарсан уу яасан “За за, одоохондоо чи миний өмнөөс үнсчих” гэж билээ.