Өнөөдөр Монголын үндэсний музейд "Монгол тамга" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тамга бол түүхийн чухал ач холбогдол бүхий тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болдог зүйл билээ.
Тус үзэсгэлэнд Дундад зууны үеэс ХХ зууны эхэн хүртэлх үе үеийн монголын төр хэрэглэж байсан, маш олон түүхэн үйл явдалд хамаарах 1500 орчим тамга байдгаас 100 гаруй тамгыг сонгон дэлгэсэн байна.

Тухайлбал, ХIII зууны үеийн уйгаржин бичигтэй тамга, Юань гүрний үеийн дөрвөлжин үсэгтэй хураан захирах зорилгоор зохиосон тамга, манж үсэгтэй Монголын засаг захиргааны тамга зэрэг түүхэн цаг онцлог бүхий тамга олны хүртээл болж байгаа аж.
Үзэсгэлэн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд түүх өгүүлэх үнэт дурсгалуудын гарал үүсэл, хөгжлийн түүх, төрийн тамганы хувьслаас гадна түүхий эд, хэлбэр хийцийн талаар үзэж сонирхох боломжтой.



