Монголын зоос судлалын холбооны 25 жилийн ой болон Өгөдэй хааны мэндэлсний 830 жилийн ойд зориулсан, сүүлийн үеийн технологиор хийгдсэн "Өгөдэй" мөнгөн зоосны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү зоос нь 10000 төгрөгийн зоос бөгөөд 25 граммын жинтэй 925 сорьцтой цул мөнгөөр хийсэн зоос аж. Худалдан авахыг хүссэн хүмүүс, цуглуулагчдад 125 мянган төгрөгөөр худалдаалах юм.
Их Монгол улсын хаадын дүрийг мөнхөлсөн зоос гаргаж цуглуулагчдын хүртээл болгох зорилготой тус холбоо өнгөрсөн жил Хубилай хааны 800 жилийн ойд зориулан өнгөт дүрс бүхий зоосыг хэвлэн худалдаанд гаргаж байсан.

"Өгөдэй" зоосны нээлтийн үзэсгэлэнд Монголын зоос цуглуулагчдын холбооны залуусын цуглуулгыг дэлгэн танилцуулсан байна. Монголын орчин үеийн зоосны онцлог нь өнгөт, төрөл бүрийн хэлбэр загвартай болсон ба дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж, үнэлгээ нь эхний аравт багтдаг байна.