Тангадын ГАЛСАН
Ардын уран зохиолч
Аливаа үндэстэн хядуулж дуусахад аман доторх улаан хүрэн хэлтэйгээ цуг, ухаан оюуны эх хэл нь мөхдөг. Өөрөөр хэлбэл, хүн зон нь хөрсөнд булагдаж, эх хэл нь эгнэгт мартагддаг. Энэ бол үхсэн шувуу жиргэн донгоддоггүйтэй адил эмгэнэлт үнэн. Ийм хар түүхийг Европын цагаан арьстнууд Австрали, Америк тивд суурьшихдаа аль үйлдсэнийг тэр гэх вэ. Түй, түй, түй.
Бидний өвөг дээдэс ч удаа дараа үгээ идэж урвасан, өс мэс үргэлж өвөрлөсөн Тангудыг үнсээр хийсгэхэд тэр үндэстэн, тэдний хэл устсан нь түүхэн үнэн. Бас аяга хар цайнд халбага цасан чихэр уусах шиг далай гүрний дундах үндэстний цөөнхийн хэл нь уусахад тэд дууссан хар домог ч цөөнгүй. Жишээ нь, манай толгой дээр хоёр зуун жил завилсан, зажилсан, жанжилсан Манж гүрэн одоо газрын зураг дээр алга. Баян Байгаль нуурын эзэн Буриад зон одоо улс бус, муж болжээ.
Тэдний эрчүүд нь орлогч дарга болон дэвшихийн учир алтан гэзэгт авч, буриадаар ярихыг бузар хэмээн огоорч л дээ. Азаргагүй гүү шиг эмс архи уухдаа Ивантай, халуун ханз хуваахдаа Ли-тэй тэдний хэлээр орцондоо ч, орон дотроо ч ярилгүй яах вэ. Тэдний хэл дэлхийн соёл, шинжлэх ухааны нэгэн эрдэмт эцэг-латин хэл шиг нэгэнт мөхөн дуусчээ. Ум маани бадми хум.
Хүн ард нь өссөөр атал эх хэл нь мөхөж буй эмгэнэлт үндэстэн бол Дорнын номт таван гүрний нэг гэгдэж байсан манай Монгол. Урьд “Эхийн санаа үрд, үрийн санаа уул хаданд” гэдэг байсан бол одоо “Эхийн санаа үрд, үрийн санаа Вашингтон, Токиод” болсоор удлаа. Эрчүүд нь Солонгост дундад зууны хар тивийнхэн шиг боол болохоор ачигджээ. Хагссан хүүхнүүд нь нэн тэргүүнд хар, шар, цагаан гэх арьсны үзэлгүй болж, эрүү өвдөг нийлсэн гэх насны ялгаа, эрүүл өвчтэй гэх оношны шаардлагагүйгээр тэлээ сул эмс болцгоон тэнгэрлиг ариун монгол журмаа гээжээ.
Тэднийг харийнхантай дохионы хэлээр огтхон ч саадгүй ойлголцдогоо шар сонин, зар сурталчилгааны самбар, зурагтын 90 гаруй сувгаар өдөр ч, шөнө ч үзүүлэн гайхуулах садар самуун шилжилтийн насныханд шинэлэг, өдөөлөг хичээл болж байна.
Дэлхийд танил зураач Пабло Пикассогийн охин хэнд ч танил бус Палома Пикассод захиа бичээд, эцэст нь гурван загалмай зурдаг байж. Үүнийг Палома “Гурван удаа үнсье” гэж ойлгодог байсан гэдэг. Түүнтэй яг адилаар манайхан харийн дохиог түвэггүй ойлгон, эхлээд гадаахаа, мөдхөн дотоожоо тайлах болжээ.
Одоо монголчууд дээл өмсдөг, хорхог иддэг, айраг уудаг нь хэвээрээ боловч эх хэлээрээ яруу сайхан ярьдаг хүн өдрийн од шиг цөөрч, дохионы хэлээр саадгүй сайхан нэвтрэгсэд шөнийн од шиг олшров... Ийнхүү харсаар байтал бид ярианы, дохионы хоёр хэлтэй боллоо.
Чөлөөт сэтгүүлчид маань нөлөөт туурвилуудаа 33 үгээр бичдэг учир цалинг нь 33 33 33 төгрөгөөр тогтоов. Төрийн түшээдийн үгсийн сан маш баян бөгөөд, тэд 76 үгээр хууль тогтоодог учир тэр сайхан бэлгэдлээр нь тэдний тоог 76 байлгахаар хуульчлав. Үүнийг үл өгүүлэн өгүүлбээс: бид хэл, ёс заншил, бичиг соёл нэгтэй хойд хөршийнхөө буриад зонтой ойлголцохоо болив. Ганц жишээ дурдъя. “Хээлтэй басгадын Роддом” гэж юу гэсэн үг вэ? Бид хэвлийдээ үр төл тээсэн малыг хээлтэй гэдэг.
Огоот онгоноороо охиныг басган гэдэг сэн. Гэтэл онгон охин атлаа үнээ шиг хээлтэй байхдаа ч яах вэ дээ. Түүний оронд бүсгүйг зааж, гэдсэн дээрээ жинтүү давхарлан, гэзэг сүлжих дүр эсгэхэд л “Наадах чинь жирэмсэн шүү, нанчидаар шахаж болохгүй, наадам зугаа даахгүй” гэсэн хориг утга ойлгомжтой болно. Авианы хэлээр ойлголцоогүйг дохионы хэл ийм хялбархан илтгэж байгаа биз.
Урд хөршөөс манайд ирсэн өвөрлөгч дүүгийн өхөөрдмөөр хөөрхөн омбол:
-Эгч ээ, би хөлдүүс мөлжье өө гэж хэлээ зажлан эрхэлж байна. Хөгшин минь яахаа мэдэхгүй сандарлаа. Хөлдүүс мөлжье гэдэг нь мөхөөлдөс идье гэсэн үг юм санж.
Үндэснийхээ бичиг үсгийг дээдлэгч өвөрлөгч нар манай энд ирээд, хөндлөн үсгээр бичсэн маникюр гэдэг хаягийг:
-манин хүүр
Педикурыг:
-Пэдгэр хүүр гэж арай ядан уншаад, түй түй, пий пай.
-Хүүр бас байтлаа манин хүний хүүр байхдаа яах вэ дээ!
-Пэдгэр хүүр гэж юу гэсэн вэ?
-Үхээд, гэдэс дотор нь хөөгөөд, юү юүгүй дэлбэрч тэсрэх гэж байгаа хүүр байх... гэх мэтээр ихэд цээрлэн шивнэлдэж, орой нь Отгонтэнгэрийн арцаар ариулах энүүхэнд. Харин дохионы хэлээр бол:
-Гарын хумс засал
-Хөлийн хумс гоёл гэж саадгүй ойлгох жишээтэй. Ийм баримт 99 99 99-ийг дурдаж болно. Өөр зуураа байтугай, үндэстэн хоорондоо ойлголцох аргагүй болсон нь амьд ярианы хэлийг цаазлах, дохионы хэл авах соёлын довтолгооныг түргэтгэв.
Уруулаасаа унагаах ганц өгүүлбэртээ хятад хоёр, орос гурав, англи таван үг, далайн гахайн долоон уулга оруулан ярьдаг, богинохон банзалтныг өндөр боловсролтой, өгзөгний соёлтой хэмээн дэд сайд болгодог болов.
“Эх хэлний хичээлийг эцэг, эх нь заах боломжтой” гэж оношлоод “хуучин” монгол хэл, “хуучин” монгол бичиг, “хуучин” уран зохиолыг хичээлээр бус, өндөр ухамсартай, өчүүхэн завтай сурагч бие даан үзэх “мэргэн” шийд гаргасан нь “Манай боловсролын шинэчлэл” гэж гадаадынханд гайхагдав.
Харин англи, герман, орос, хятад, япон, франц зургаан хэлийг цэцэрлэгээс нь эхлэн махран сурах ёстой бөгөөд бусад 6000 хэлийг ч үзэх боломж дүүрэн болж буй нь эрэггүй эрх чөлөө, хориггүй даяаршил юм гэнэ ээ. Тийнхүү бид дэлхийтэй тэврэлдэж, олон хэлийг онц сайн сурсаар нэг мэдсэн чинь аав нь хүүтэйгээ, ах нь дүүтэйгээ, өвөө нь ачтайгаа, эмээ нь зээтэйгээ, хуульч нь хулгайчтайгаа, гэмт хэрэгтэн нь өмгөөлөгчтэйгөө ярих гэхээр хэлээ ойлголцдоггүй, явах болохоор зүг нь таардаггүй болчих вий...
Тэмцэгч монголчууд 1990 оны хавар туг дарцаг барин, саарал ордноо бүсэлсэн цусгүй хувьсгал хийсэн шигээ “Эх хэлийг минь эргүүлж өг”, “Эрлийз хэл сөнөтүгэй”, “Бид хоорондоо ямар хэлээр ойлголцох юм бэ гэх мэтийн уриа хашгичин, өлсөж үхэх гэж байгаагаа мэдэхгүй өндөг, чулуугаар Төрийнхөө ордон руу нүүлгэж, гадаадын нэг сэтгүүлчийн бичсэнээр “байшинтай байлдан”, тэр ч байтугай өлсгөлөн зарлаж эхлэв. Гэтэл гадаадын зөвлөх, дотоодын мэргэд нэг сайхан хялбар, зөв, сэцэн шийд гаргажээ. Эзэн Чингисийн үеийн төр сөнөсөн шиг эх хэл чинь бас мартагдан мөхөх тэнгэрийн цаг болсон байна. Эрлийз хэл болбол баба. Иймд Монгол Улсад хамгийн сайн, хамгаас хялбар нэг хэл нэвтрүүлье.
Тэр хэлээр монголчууд өөр зуураа болон, аль ч улстай, бүр ангараг гаригийнхантай саадгүй шууд нэвтрэх боломжтой. Гэхдээ энэ бол польш эрийн зохиосон эспиранто хэл биш. Хүн байтугай, нохой, мал ч шууд ойлгодог түгээмэл хэл. Тийм гайхамшигт хэл бол “дохионы хэл” гэж тунхаглажээ. Зөв санаа шивнэсэн зөвлөхүүдэд, эгнэшгүй сайхан шийд гаргасан эрдэмт мэргэддээ, манай энхрий хайрт төр засаг баяр хүргэж, дамар малгай, төмөр одонгоор шагнаад Дохионы хэлд шилжих бэлтгэлийг хангуулах тухай УИХ-ын тогтоол гаргав.
Хойд Америкийн индиан овог аймгууд саяхан хүртэл хоорондоо, мөн тэдэнтэй гар болон гунан буугаар харилцагч шинэ эзэдтэйгээ дохионы хэлээр ямар ч саадгүй харилцаж байсныг Канадын эрдэмт Даяаршилмаа Төрийн ордонд болсон олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр баримтат кино үзүүлэн баталж, УИХ-ын гишүүдийг алмайруулсан төдийгүй, түшээдтэй дохионы хэлээр долоон цаг ярьж, үнэгүй зоог барьсан нь гунигт дүнсгэр ордонг баяр баясгалангаар нэгэн сарын турш чимжээ.
Бас Францын жуулчид Монголын бүжигчин хүүхнүүдтэй төдийгүй, саальчин охидтой дохионы хэлээр саадгүй сайхан нэвтэрч хүслээ гүйцээж, дураа дундалж байснаа цахим өртөөгөөр цацсаны дараа үхэж л эдгэдэг өнөө гайхал зутарга (ДОХ) өвчтөний тоо нэг биш нэлээдээр нэмэгдэв.
Мэргэн засаг, төрийнхөө шийдвэрийг биелүүлэмхэй монгол хүн бүр тусгай сургуулийн багш, сурагчдаар дохионы хэл заалгаж эхэллээ. Монголчууд дохионы хэлээр өөр зуураа төдийгүй, Африк, Ази, Америкийнхантай саадгүй нэвтрэлцэн урьдын муусайн ном зохиол, толь бичгийг уурын зуухны түлш болгож цэвэрлэв.
Янаглахыг бөгсний нахилгаагаар, бэлхүүсний биелгээгээр, дургүйцлээ илэрхийлэхийг салаавчаар, элэгсэг байгаагаа инээд мишээлээр, айлган сүрдүүлэхийг долоовроо доёлзуулахаар, хүндэтгэл талархлаа наран хүнээс дутуугүй нахилзан бөхөлзөхөөр илэрхийлдэг болцгоолоо. Өр нэхэх, гадаадаас мөнгөн санхүүгийн зээл, тусламж гуйхад алгаа арав дахин тосоод л гүйцээ. Дэлхийн хэмжээний асуудлыг хөндөхдөө бөмбөрцөг юм уу, бөмбөлөг өөд долоовроо доёлзуулах бөгөөд, Монгол орныхоо тухай ярихдаа урьд зааны шир шиг өргөн байсан, өдгөө зурамны арьс шиг нарийхан болсон газрын зурагныхаа зүг чичээд л гүйцээ.
Шарль-Мишел эбби дэ л Эпи-гийн зохиосон дохионы хэлний сурах бичгийг 29 дүгээр сургуулийн нэг мужаан Монголын нөхцөлд тохируулан сайжруулж, Ардын багш, бас Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Түүний номыг олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас Монголын хүн амын тоогоор хэвлүүлж, өвлийн өвгөний бэлгийн хамтаар айл болгонд тарааж буян үйлдлээ.
Америкт 20 жил хараар ажиллаж, цаасан хайрцагнаас цагаан гантиг харшид хүртэл амьдрахдаа англи үг нэгийг ч суралгүй, харин Томас Галлодэт-ийн дохионы хэлээр ярьсаар тэрбумтан болсон мангут эр Монгол Улсынхаа шинэ хэлний багшаар өргөмжлөгдөж, сар тутам зургаан сая дойлуурын цалин, зуун тонн ноолуурын авлига авах боллоо.
Манай Гадаад хэргийн яам олон улсын харилцаанд, улмаар НҮБ-д гайхамшигт сайхан дохионы хэлийг албан ёсны хэл болгох санал дэвшүүлж, дэлхийн гуравдугаар дайн дэгдэх бас намжихын дайтай шуугиан тарив.
Дохионы хэлний тухай хуулийг хэлэлцэх үед гишүүд өөд өөдөөсөө салаавч гаргаснаас үүдэн Төрийн ордонд нударган зодооны томоохон тэмцээн явагдаж, ялагчийг нь дараачийн олимпод шууд оролцуулах, дэд байрт шалгарагчийг ээлжит их хуралд дэд дарга болгох онц мэргэн шийд гаргажээ.
Монгол хэлийг мохоо болгох үйл хэргийг насан туршдаа манлайлсан архаг гишүүн Хонжоон хэмээх гонжоон эр дохион хэлний ажлын хэсгийг ахалсан нь их үр дүнтэй боллоо.
-Аливаа аюул осол түгшүүрийн үед яах вэ гэсэн асуултанд тэрбээр:
-“Цогт тайж” киноны Гүен баатар дайсанд довтлохыг дохиолохдоо уулын орой дээр утаа тавьдаг хэсгийг цэнхэр дэлгэцнээ гаргаж үзүүлээд:
-Энэ утгаар уламжлал ба шинэчлэлийг хослуулах замаар, нийслэл ба Төв аймагт түгшүүрийн дохио зарлахдаа Цэцээ гүний орой дээр тараахтарын дугуй шатааж байя гэсэн сэцэн санал дэвшүүлснийг бидний сонгосон ухаант гишүүд нэгэн дуугаар дэмжиж ярсхийтэл гараа өргөлөө.
Харин Онцгой байдлын гэдэг олиггүй нэртэй албаны ерөнхийлөгч:
-Хэдийгээр бид сөрөг хүчин боловч энэ гайхамшигт шийдвэрийг дэмжиж байна. Харин хөдөөд түгшүүрийг яаж мэдээлэх вэ гэж өндөр хүчдэлд цохиулаад үхэх гэж байгаа үхэр шиг далжиганасанд:
-Аймаг бүрийн дархан цаазтай уулан дээр, говьд бол олны шүтдэг овоон дээр дугуй шатааж хар утаа угалзлуулах нь зүйтэй гэж Хонжоо дарга гонгиносноор хоёр намын лойдор Бал, Бэрэвнээв хоёр дарга шиг тэврэлдэн, яг л одоо юу... яах... гэж байгаа янаг хос шиг удтал озолдов.
Бас нэг судлаач замын цагдаагийн уруул дээр ургадаг улаан шүгэл, ид шидэт эрээн модыг дохионы хэлний нэг төрөл мөнийг баталж, шинэ хэл шинжлэлийн эрдэмтний тоо нэгээр нэмэгдлээ.
“Дохионы хэл бол Монгол Улсын албан ёсны хэл мөн” гэсэн мэргэн заалтыг үндсэн хуульд оруулсан өдрийг улс даяарын их баяр болгон 3000 бөх барилдуулж, 777 хүүхэн тайчих урлаг үзүүлэн тэмдэглэхээр нэгэнт шийджээ.
Дохионы хэлэнд шилжих бэлтгэл хангагдсан эсэхийг шалгах улсын хамийс, гадаадын ажиглагчид суусан суман галт тэрэг Хар-аараг өртөөн дээр сүүлчийн ажиглалт судалгаагаа өндөрлөхөөр очив.
Гэтэл зорчигчдын тавцан дээр нэг бүсгүй Монгол Улсын шинэ хэлээр дохин занган ярьж байна. Тэрбээр таван хуруугаа өндгөөр нь нийлүүлэн, хумиад цохон дээрээ гурвантаа цомборойдов.
Манай цэцийн сэцэн гишүүд сэтгэл хангалуун мишээцгээж:
-Эрхэм дээдсийн амрыг эрье гэж байна.
-Гурвантаа баяр хүргэе гэж байна.
-Үгүй ээ тархийг чинь цөм цохино гэсэн сүрдүүлэг юм биш биз?
-Үгүй дээ, эрхэм дээдэс минь. Энэ чинь Исүсийн номлогч, бидэнд хүндэтгэл илэрхийлж байна гэж мэтгэлцэв. Тэгээд өнөөх бүсгүйн зүг зэрэг зэрэг харваас мөнөөх гайхал чинь улаан хумстай цагаан гараараа умдаг руугаа зааж заваарсныг яана.
Бид гав гайхан өөр өөрийн хэлээр орчуулж, хэрэггүй муу үг амнаасаа унагацгаалаа.
Аз болоход өнөөх гайхал алгаа тэнийлгэн гурвантаа бөхөлзлөө.
-Мэдрэл муутай мээнэг байна.
-Дохионы хэлээ төгс эзэмшиж чадаагүй золиг бололтой.
-Ойлгомжгүй л байна даа... гэж сэцэн шүүгч нар явигнаад умгархан, умарцагныхаа (купээнийхээ) уужуухан цонхыг доош татан нээгээд:
-Чи юу гээд байгаа хүн бэ? Цаазлуулж байгаа хуучин монгол хэлээрээ сүүлчийн удаа ярихыг зөвшөөрсүгэй гэж зандрангуйхан тушаасанд:
Цохон дээрээ ахин цомборойдож “Тэргүүн”, цавь, руугаа заан “боов”, хоёр алгаа дэлгэн “авах уу” гэсэн юм аа гэв.
Гадна сонсогчид инээлдэх, дотор суугаа дээдэс дуугаа хураах үед галт тэрэг гурвантаа чарлаад түжигнэн давхивай.
...Монгол Улс дохионы хэлтэй дэлхийн анхны улс болох хуулийн төслийг УИХ мөдхөн хэлэлцэж нэгэн дуугаар товчлуураа дарах нь илэрхий боллоо. Харин амьд ярианы хэлтэй Ерөнхийлөгч маань хориг тавих эсэхийг хүлээх л үлдэв шив дээ.