МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын эхний шатны хоёр дахь тоглолт өчигдөр боллоо.
Альянс-Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт 2:0
Тт№2 113:97
Эхний тоглолтод хожигдсон “Смарт”-д хоёр дахь уулзалтад хожигдох эрхгүй талбайд гарсан. Нэгдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн бөгөөд хоёрдугаар үеэс “Харцага” оноогоор холдож эхлэв. Тэдний бөмбөгний шилжилт төгс байж, довтолгоогоо төвөггүйхэн цагаригт унагаж байлаа. Э.Дөлгөөн “Смарт”-ын довтолгооны хөдөлгөх хүч болоод буй Моррисийг тун сайн хамгаалж байв. Мөн тэрбээр довтолгоонд үр дүнтэй тоглож, алсын зайн шидэлтээр хөгжөөн дэмжигчдээ баясгаж байсан юм. Улмаар гуравдугаар үе дуусахад “Харцага” аль хэдийнэ 20 оноогоор тасарчээ. Сүүлийн 12 минутад “Харцага” тэргүүллээ хадгалсаар 113:97-гоор өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 2:0 болгов. Одоо тэд ганцхан хожил авахад дараагийн даваанд хүч үзэх эрхтэй болно. “Смарт” тоглолтын турш 27 удаа бөмбөгөө алдсан нь хожигдол амсахад хүргэжээ. Тус тоглолтод “Харцага”-аас Блэйр 25, Акол 17, Э.Дөлгөөн 13 оноо авав. Харин “Смарт”-аас Моррис 28, Ханкерсон 20, Энхтайван 18 оноо авчээ.