“Үлэг гүрвэлийн олдвор гэдэг дуудлагаар борлуулдаг сувинер биш” хэмээн Нью-Йорк мужийн захиргааны Гаалийн албаны дарга Роберт Перез тодорхойллоо.
Тэрбээр Монголоос хулгайд алдагдаж, хил дамнан тус улсад борлуулагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсын Элчин сайдад хүлээлгэн өгөх үеэрээ ийн хэлсэн юм. Мөн тэрбээр “Үлэг гүрвэлийн олдвор бол тухайн улсын соёлын үнэлж баршгүй ховор дурсгал, үндэсний баялаг мөн” хэмээсэн тухай “Fox news” өнөөдөр мэдээллээ.
Манай Засгийн газарт эргүүлэн өгч буй олдвор нь 70 сая жилийн настай Алиорамусын гавлын яс бөгөөд энэ төрлийн олвор өдгөө дэлхий дээр ердөө гурав байгаа нь бүгд Монголынх юм.
Харин АНУ-ын өмгөөлөгч Роберт Кэйперс “Уг олдвор бүх хэсгүүд нь бүрэн Алиорамусын гавлын яс гэдгээрээ онцгой” гэжээ.
Хулгайлагдсан гавлыг цахим худалдааны eBay сайтад 300.000 ам.доллараар Францын нэгэн компани үнэ хаялцуулан зарж байжээ.