Хууль зүйн сайд 2013 онд тушаал гарган, иргэдэд олгодог байсан ял шийтгэлтэй эсэх лавлагааг нэр бүхий 20 гаруй байгууллагын хүсэлтээр өгдөг болгосон. Энэ нь гадаад явахаар виз хүсэгчдэд хүндрэл бэрхшээлтэй байсан учраас Хууль зүйн сайд 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд А/100 дугаар тушаал гарган “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын Монгол Улсын иргэдээс Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт хандан, тухайн гадаад улс оронд зорчих виз хүссэн тохиолдолд уг иргэний виз хүссэнийг нотлох баримт, урилга, виз мэдүүлж буй бичгийг үндэслэн ял шийтгэлтэй, эсэх лавлагааг олгохоор болжээ.
Үүнийг үндэслэн ЦЕГ-ын Мэдээлэл технологийн төвөөс БНСУ болон бусад улсад зорчих виз хүссэн иргэдэд 2016 оны дөрөвдүгээр сарын 6-ны 14.00 цагаас эхлэн албан ёсоор тодорхойлолт олгож эхэллээ.
Ялтай эсэх лавлагаа авах иргэн, байгууллага нь Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний 500 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь ЦЕГ-ын 900012034 дугаартай дансанд тушаасан баримтыг иргэний үнэмлэх, урилга, виз мэдүүлж буй бусад бичиг, баримтын хамт Лавлагааны санд авчран, лавлагаа авч болох гэнэ.
Г.РАВЖАА