Сонгинохайрхан уулын хишиг барилдаан өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэхүү барилдааныг “Монос групп”-тэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд өнөө жилийн тухайд Олон улсын “GMP” стандартад нийцсэн Монос эмийн үйлдвэрийн нээлтэд зориулан зохион байгуулснаараа онцлог байв. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Д.Азжаргал, гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ө.Даваабаатар тэргүүтэй бөхчүүд зодогложээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт харцага Ц.Содномдорж найм даван түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Соёмбо СХ, “Сүмт-Өргөө” ХХК, “Оюут хясаа” ХХК-ийн бөх улсын начин Ч.Ганзориг үзүүрлэв. Их шөвөгт Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Алтай констракшн” ХХК-ийн бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ноён групп”-ын бөх улсын начин Ч.Баянмөнх нар шалгарсан юм.