Нацагийн БАГАБАНДИ
Аливаа хүний амжилт бүтээл хийгээд алдар нэр өөрийнх нь хичээл зүтгэл, идэвх чармайлт, авьяас билгээс шалтгаалах нь мэдээж. Түүний сацуу амьдралын аян замын уртад бусдын үзүүлсэн ач тус, тусламж дэмжлэг хэмжээлшгүй их утга учиртай. Дан ганц өөрийнхөө хүчинд найдах, бусдын тус дэмжлэгт шүтэж амьдрах энэ хоёрыг өнгөц харвал зөрчилдсөн зүйлс мэт. Гэвч энэ хоёр хөтлөлцөн хамтдаа урагшлахаас өөр аргагүй юм. Бусдын тус дэмийг авалгүй орь ганцаар бүхнээ болгосоор ирсэн онцгой хүн орчлон дээр бий билүү? Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг нь хорвоогийн жам.
Хүнд тус хийвэл өөрт тус ирнэ. Бусдын үзүүлсэн дэмжлэг туслалцааг марталгүй санан, ач тусыг нь сэтгэлдээ хадгалж явах нь ёс зүйт хүний үүрэг. Тус болсны ачийг марталгүй санаж явах төдийгүй баярласан сэтгэлээ нээн, талархлаа илэрхийлж сурах хэрэгтэй. Баярласан сэтгэл нь нүүрэн дээр нь тодорч, нүдэн дээр нь гэрэлтэж, хэлэх сайхан үгээ олж ядан байгаа хүн жинхэнэ сэтгэл зүрхнээсээ талархагч мөн. Хүмүүст тус болж, хүсэл зоригоо гүйцэлдүүлэхэд дэмжин туслах нь сайхан сэтгэлтний буянтай үйлдэл. Туслалцаа дэмжлэгийг нь хүртээд баярлаж талархсанаа сэтгэлээсээ илэрхийлэх нь бас нэгэн буянтай үйлс.
Хармын сэтгэлгүй хүргэсэн, хариу шаардаагүй буяны тус хамгаас илүү үнэтэй. “Талархал нь талархуулах хүний эрх биш, харин талархах хүний үүрэг байдаг. Талархал шаардах нь тэнэг зан, талархахгүй байх нь бүр ч өөдгүй явдал болой.” Бараа худалдаж авсан хүнээс мөнгөө төл гэж шаардах нь зүй ёсны хэрэг. Хүнд тус хүргээд хариу талархал шаардах нь туйлын зохисгүй, хүргэсэн тусынхаа үнэ цэнийг үгүй хийнэ. Сэтгэлээсээ үйлдсэн тус нь арилжаа наймаа биш, сайн үйлс бүхний төлөө талархал шаардах учиргүй. Гуйлгаар үйлдсэн тус буян мөн. Гуйлгасан буянтан нь сэтгэл харамгүй өгөөмөр, гуйсан хүн нь сэтгэл хангалуун үлдсэн бол өгсөндөө өлзийтэй, авсандаа ачтай.
Гуйж хүсээгүй байхад нь зайлшгүй хэрэгтэй зүйлээр нь туслах нь дээдийн буян. Цагийг нь олж тусалсан тус цаглашгүй их үнэ цэнэтэй. Албадмал буяны үйлсийг ачлалын дээд гэж хэлэх аргагүй. Бусдын тусыг ашиглах хэрэгтэй, гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны дүрмээс алхам ч гажиж болохгүйг мэд. Талархахыг мэдэхгүй байх нь мэдрэмжгүй донгио, сул доройн шинж. Ухаалаг хүмүүс талархах үүргээ хэзээ ч мартдаггүй, зохих цагт нь зохистой хэлбэрээр талархаж, сэтгэлээ илэрхийлнэ. Талархахыг мэддэггүй хүмүүст зэвүүцэх хэрэггүй, буянаараа болог.
Талархахыг мэддэггүй хүнд тус хүргэлээ гээд гай зовлон дуудахгүй, харин хүн муутай хүнээс тус хүртвэл гай зовлон салахгүй. Хүн муутнууд бусдад үзүүлсэн тусаа хэзээ ч мартахгүй, эрт орой хэзээ боловч хариуг нь нэхнэ. Өгөөмөр бөгөөд сэтгэл харамгүй тусч хүмүүс өөртөө үзүүлсэн бусдын тусыг марталгүй санаж, бусдад үзүүлсэн тусаа тэр дороо мартаж, хийх ёстой зүйлээ хийлээ гэж үзнэ. Чамд үзүүлсэн бусдын том бага тус дэмийг зохих ёсоор үнэлж, тэдгээр хүмүүст өөрийн тань чин сэтгэлийн талархал цагаа олж хүрсэн үү гэдгийг хүн чанараасаа үе үе асууж байх хэрэгтэй. Өгч байгаа нь өгөх үүрэгтэй, авч байгаа нь авах албатай юм шиг хандаж, үнэн сэтгэлийн тусыг үнэгүйдүүлэн үрж боломгүй.
Байгаагаа бусадтай хуваалцаж байгаа эрхэм сайхан сэтгэлтэй сайн хүн. Өөрт төдийлөн хэрэгцээтэй бус зүйлээсээ өрөөл бусдад илүүчилж байгаа хүн ч өглөгийн эзэн мөн. Өөртөө хэрэгтэй байгаа, цаашид бүр их хэрэг болох зүйлээсээ өгч байгаа хүн чин сэтгэлийн, жинхэнэ өглөгч. Сайхан сэтгэлт өглөгийн эздээс хайрлаж байгаа өглөг тусыг баярлан хүлээн авч, шингээх чадвартай байх учиртай. Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэдэг шиг бусдын үзүүлсэн ач тус, тус дэмийг үр дүнгүй үрж, үрэн таран хийдэг өргөвч өөдлөхгүй, тэтгэвч тэнхрэхгүй арчаагүй амьтан болж арай ч болохгүй ээ.
Бусдын үзүүлсэн тус дэмийг шингээж, түүний ачаар хөл дээрээ босож, өөдлөн дэвжиж яваа арчаатай, сүйхээтэй хүнийг тэтгэж дэмнэх урамтай. Жаахан тусалж дэмнээд өгвөл өсөж хөгжин, өөрийгөө аваад явчих хүнийг тэтгэвэл тэнхэртэл нь, эмнэвэл эдгэртэл нь гэдэг шиг дорвитойхон дэмжээд өгөх хэрэгтэй. Хичээл зүтгэлтэй, овсгоо самбаатай, цаанаасаа өгөгдөл сайтай хүн сайхан сэтгэлийн тусыг элс рүү асгасан ус шиг үлдэх мөргүй алга хийдэггүй, суусан газраасаа шороо атган түүнийгээ алт биш гэхэд хэрэгтэй юм болгож чадна.
Ухаантай сэргэлэн зарим нь алт болгон хувиргаж, тусалсан хүнийхээ ачийг санан, баярлан талархаж, хэзээ хойно ч тусыг хүртэж өдий зэрэгтэй яваагаа дурсан ярьж явна. Мэдэх чадах зүйлээрээ бие биедээ тус дэм болох боломж маш их байгаа. Өгье гэвэл ганцаасаа гэх үг бий. Хүргэсэн тусаа чамла, хүртсэн тусыг чамлахаар чанга атга. Бусдын төлөө миний хийсэн зүйл бага байна даа гэж чамлан, тусч сэтгэлийн галаа улам илүү өрдөн асаа.
Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэх сайхан үг бий. Хийсэн ажил бүтээлийг нь онож үнэлсэн урмын цөөн үг хүний урам онгодыг хөглөж, улам сайн хийх хүсэл тэмүүллийг бадрааж, хүч чадлыг үлэмж өсгөж өгнө. Эрхэлж байгаа ажил, тулж тулгарсан асуудалд эзэн болж, бэрхшээлийн өмнө шантралгүй сөрөн зогсож чадаж байгаа хүн амжилт олох нь илэрхий. Алдар нэрээ дуурсгасан амжилтын эзэд залхахыг мэдэхгүй идэвх чармайлт гаргасны үр дүнд амжилт олсон байдаг. Гоц ухаантан хэмээн алдар суугаа дуудуулж цууд гарсан хүмүүс гайхалтай чармайлт гаргагчид бөгөөд өөрсдийн бүтээл туурвилаа бүхэлд нь идэвх чармайлтыг хураан цуглуулсны үр дүн гэж үздэг байна.
Амжилтыг дүгнэхдээ амжилтын төлөө зүтгэсэн цөхрөлтгүй чармайлт, хүчээ шавхсан хичээл зүтгэл хамт үнэлэгдэх ёстой. Хэчнээн авьяаслаг хүн байлаа ч хичээл зүтгэл гаргахгүй, тогтсон чармайлтгүй, тэсвэр тэвчээр муутай бол төрөлхийн авьяас чадвараар сулхан ч байнга чармайдаг, хичээнгүй хүнд ялагдана. Тэсвэр тэвчээр бол амжилтын хөтөч, аз жаргал өөд хөтлөх газарч. Олон хүн тэвчээргүйгээсээ болж хүрч чадах байсан оргилдоо хүрч чадаагүй, амсах байсан аз жаргалаа амсаж эдлээгүй.
Хүч чадалгүй ч тэвчээртэй хүн хүчтэй боловч тэвчээргүй хүнийг дийлнэ. Тэсвэр, тэвчээртэй хүн хүлээсэн бүгдээ шийдүүлж, хүссэн болгондоо хүрнэ. Тэвчээргүй ам хэрүүл өдөөж, тэсгэлгүй зан алдаа руу түлхэнэ. Тэсэхийн аргагүйг тэсэж, тэвчихийн аргагүйг тэвчин туулсан тэнгэрлиг тэвчээрийг толгой бөхийн хүндэтгэж, тодоос тод үнэлэх учиртай.
Амжилтад хүрэхэд гайхалтай хүчин чармайлтын зэрэгцээ өдөр тутам давтагдах хэвшил зуршил шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Нэгэн нэрт хийлч хөгжмийн энэ гайхалтай зэмсгийг эзэмштлээ хориод жил өдөр тутам арав гаруй цагийн дасгал сургууль хийдэг байжээ. Нэрт балетчин, би дасгал сургуулилалтаа өдөр тутам уйгагүй давтан хийдэг байлаа. Хөл тэсхүйеэ бэрх өвдөнө. Ядаргаанд орж, түргэн тусламж дуудаж, эмнэлгийн тусламж цөөнгүй удаа авсан, гэсэн ч сайн бүжигчин болохын тулд шүд зуун тэсэж, хэвшил зуршил болсон дасгал хөдөлгөөнөө хэдэн зуу дахин давтан хийсээр л байв.
Би бүжиглэх үнэхээр дуртай, балет миний амьдрал, баяр баясгалан, ер нь бүх сайн сайхан минь гэжээ. Үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасан уран тансаг бүжиг хүнд хүчир хөдөлмөр, зовлон бэрхшээл, тэсвэр тэвчээрийн хөрсөн дээр цэцэглэдэг байна. Нэг зүйлийг маш олон удаа дахин давтан хийж байж сэтгэлд хүрч, гарт орж, чамбайран чадваржиж, төгс шийдлээ олно. Тамирчин нэг ижил дасгалыг хэдэн арав, хэдэн зуун удаа хөлсөө дуслуулан давтан хийдэг. Зарцуулсан ухаан бодол, дуслуулсан хөлс, зарсан хүч хөдөлмөр амжилт бүтээлийг эзэндээ авчирна.
Бүтээлийн арвин ургац хураахын тулд эхлээд үр суулгах хэрэгтэй болно. Үр суулгаагүй байж үр дүн хүлээх нь мунхаг бодол. Суулгасан үр болгон ургац өгөхгүй байж ч мэднэ. Бүтээлийн үр жимс боловсрох нь тэсвэр шалгасан урт удаан үйл явц учир, санаагаар унахгүй, өөдрөг бодолтой байх хэрэгтэй. Өөдрөг сэтгэл бол гайхалтай чанар. Зовлон бэрхшээл тохиож, итгэл алдран, горьдлого тасрах үед толгой гудайж, өвдөг сөхрөхгүй байх хүчийг өөдрөг сэтгэл өгнө. Өөдрөг сэтгэлээс өөртөө итгэх итгэл, эрч хүч, урам зориг ундарч байдаг билээ. Өөдрөг сэтгэлтэн өнгөрсөн зовлон бэрхшээлийг ухан сөхөн бодох биш, өнөөдөр бүтээж хийсэндээ урамшин, өрнөх ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын төлөө хичээнгүйлэн зүтгэх нь урамтай сайхан.