Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК 189 хүний суудалтай “Boеing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын “Тravel Service” компанид маргаашнаас эхлэн зургаан сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохирчээ. Тэд өнгөрсөн жил тус компанид онгоцоо нойтон түрээсийн гэрээгээр амжилттай хөлслүүлсэн юм. Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцдаг бол түрээслэгч нь зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг хэлбэр.
Өөрөөр хэлбэл, МИАТ ХК аравдугаар сарын 15 хүртэл агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм байна. Дээрх гэрээний дагуу эхний ээлжинд МИАТ-ийн нисэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулалтын ажилтнуудаас бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Чехийг өчигдөр зорьжээ. Чехүүд “Boeing 737-800” агаарын хөлгөөр Европ, Хойд Африк болон ОХУ-ын 50 орчим чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа аж.
1998 оноос үйл ажиллагаа явуулж буй “Travel Service” нь БНЧУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг бөгөөд нийт 17 онгоцтой юм байна.
Л.АРГАМЖИН