Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпиталийнхан энэ сарын эхээр ажил хаяхаар болж, ЗХЖШ-т удирдлагаа эсэргүүцсэн шаардлага хүргүүлсэн билээ. Үүний дагуу тус штабаас ажлын хэсэг гарч, удирдлагыг нь шалгасан юм. Шалгалтын дүнг өнгөрсөн даваа гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус ангийн захирагч, хурандаа С.Элбэгжаргалыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүний оронд уг эмнэлгийн буюу Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн штабын дарга, хурандаа Б.Рэнцэндоржийг дараачийн дарга томилогдтол түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэжээ. Бидэнд олдсон мэдээллээр хурандаа С.Элбэгжаргалыг албан тушаалаа ашиглаж, тендергүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан хэмээн эмч нар нь гомдол гаргасан гэнэ. Энэ нь нэлээд үндэслэлтэй байсан учраас албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн БХЯ-ны эх сурвалж мэдээлэв.
Түүнээс гадна өнгөрсөн даваа гаригт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Дэлгэцогийг ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр тэтгэвэрт гарах насанд хүрсэн учраас хүсэлтийг нь ёсоор болгосон аж. Тус ангийн гэрээт ажилчин нь ажлын байрандаа нас барснаас шалтгаалж ийм арга хэмжээ авсан гэх мэдээлэл ч ЗХЖШ, БХЯ-ны байшингаар яригдаж байна.
Г.РАВЖАА