Улсын баяр наадам зохион байгуулах Үндэсний хороо энэ жилийн анхны хурлаа өчигдөр хийж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо энэ жил бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг, соёл, тохижилт, засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллах гэнэ. Дуулгах сонин гэвэл энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 гээд олон тэгш ой тохиож байгаа учраас Улсын баяр наадмаар 1024 бөх барилдуулах юм байна.
Мөн наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгджээ. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллана.
Баяр наадмын салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батлах юм.
Л.ГАНЧИМЭГ