-14-18 насны хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ-
Өсвөр насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй, заримдаа тэднийгээ гомдоож, хүүхдүүдээсээ болоод бухимдаж яваа эцэг, эхтэй бишгүй л таарсан. Дотоод ертөнцөө танин мэдэж, өөрийгөө хайх аялалд хэдийнэ гарсан хүүхдүүд тань жаахан байхаасаа илүү түвэгтэй болж байгаа энэ үед эцэг, эхчүүд л тэднийг ухаалгаар залуурдах үүрэгтэй.
Зарим эцэг, эх ийм насны хүүхэдтэйгээ илүү дотно, нээлттэй харилцаж, бие биеэ ойлгож чаддаг бол нэг хэсэг нь дундаа хөдлөшгүй хана хэрэм байгаа мэт хөндий байдаг. Өдий насны хүүхдүүд том хүнээс ялгаагүй гэсэн өрөөсгөл ойлголтоосоо болж, тэдэнтэй насанд хүрэгчидтэй ижил байдлаар харилцах нь таагүй. Сэтгэл зүйн онцлогийг нь мэдрэхгүйгээр хэтэрхий жаахан хүүхэд мэт хандаж, юм болгонд нь оролцох ч бас тэдэнд таалагдахгүй.
Хүүхэд байхаа больсон ч том хүн болж амжаагүй шилжилтийн насныхантай хэрхэн харилцах талаар “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн ийн зөвлөж байна.
БҮДҮҮН ДУУТАЙ БОЛЖ, ТАРГАЛСАН ТУХАЙ НЬ ДУРСАХ Ч ХЭРЭГГҮЙ
Шилжилтийн нас гэж биеийн өсөлт ид явагддаг үеийг хэлнэ. Энэ үед бэлгийн бойжилт явагдаж, нас бие гүйцэж эхэлнэ. Охидын хувьд энэ нь 13-15 насанд үргэлжилдэг бол хөвгүүдийнх арай хожуу буюу 14-15 настайд байдаг. Бэлгийн бойжилт нь охидод зургаан сар харин хөвгүүдэд хоёр жил, түүнээс ч урт хугацаанд үргэлжилдэг. Энэ үед эрэгтэй, эмэгтэй хүний онцлог болох биеийн шинж хэлбэрүүд тодордог.
Энэ өөрчлөлтүүд нь тэд зарим үед таагүй санагдана. Биед нь гарч буй өөрчлөлтүүд нь тэдний хувьд анх тохиож буй учраас гайхах, энэ байдлаа, бас үе тэнгийнхэн нь хэрхэн өөрчлөгдөж байгааг тасралтгүй ажиглана. Магадгүй зарим үед эдгээр өөрчлөлтөө бусдаас нуухыг хичээдэг.
Зөвлөгөө:
• Энэ үед нь та хүүхдийнхээ зан авир болон бусад өөрчлөлтийг анхаарч, тэдэнтэй аль болохоор дотно байж, хүлээцтэй харилцаарай.
• Эрэгтэй хүүхдэд “Ямар хачин бүдүүн дуутай болчихоо вэ?”, “Үеийхэн чинь өсгөлүүн байхад чи ер нь намхан байна”, “Хөл чинь яасан хурдан томордог юм бэ?”, охидод “Яасан их бүдүүрч байна аа”, “Нүүрээр чинь дүүрэн батга гарчихсан байна”, “Бөгтгөр нуруу чинь онцгүй юм” гэх зэрэг үг огт хэлж болохгүй. Энэ нь тэдний сэтгэлийг эмзэглүүлж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийнэ.
• Энэ үед тэд өөрийнх нь биед гарч байгаа өсөлт хөгжлөөс шалтгаалан, болхи болох нь бий. Тиймээс аливаа зүйлд эв дүй муутай, салан задгай санагдаж магадгүй. Мөн хүмүүс өөрийг нь байнга л харж ажиглаж байгаа мэт төсөөлдөг болохоор их бухимдах нь бий. Тиймээс хүүхдээ буруутгаж, сөргөлгүй эерэг талаас нь харж, тайвшруулаарай.
ТАЙВАН ОРХИ
14-18 насныхан өөрийгөө орчиндоо таниулах гэсэн асар их хүсэлтэй байдаг. Тиймээс дуртай хөгжмөө чанга сонсож, ихэнх цагаа ганцаараа юм бодож “өрөөндөө” өнгөрүүлэхийг хүснэ. Ганцаараа байгаа үедээ өөрийнхөө зүрх сэтгэл рүү өнгийж, дотоод хүнтэйгээ харилцаж, хүсэл мөрөөдлөө тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, нэг бол зураг зурахыг оролдоно. Энэ нь мэдрэмж, сэтгэгдлээ ямар нэгэн байдлаар илэрхийлэхийг оролдож буй хэлбэр юм.
Тэд бас айдастай явдаг. Найз нөхөдгүй ганцаараа үлдэх вий гэж айхаас гадна тэдэнд өөрийгөө илэрхийлж, байр сууриа олж авах нь эрхэм зорилго болно. Учир нь тэд эцэг, эхээсээ илүү найз нөхдөдөө итгэж бүх зүйлээ ярилцдаг. Тиймдээ ч аав, ээжээсээ, тэр ч бүү хэл гэрээсээ хэсэг хугацаанд хол байхыг хүсэж, эрх чөлөө, хараат бус байдлыг эрхэмлэнэ.
Зөвлөгөө:
• Тэд их эмзэг, өдрийн тэмдэглэлийг нь уншиж, гар утсыг нь шалгахыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Та ийм зүйл хийгээд ч тэднийг таньж чадахгүй.
ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАХ НЬ Л ЗӨВ ГАРЦ
14-18 насныхан сэтгэл хөдлөл ихтэй. Хүүхэд байхдаа олж авсан дадал зуршил, үзэл бодол нь бүхэлдээ өөрчлөгдөж эхэлнэ. Үүнийг эцэг, эхчүүд “Бага байхдаа дуулгавартай хүүхэд байсан, одоо яг юу болоод байгааг ойлгохгүй байна” гэж ярьдаг. Магадгүй тэд их бүрэг болж ч мэднэ. Сэтгэл догдлол, айдас, гомдлоо ил гаргахыг хүсдэггүй ч нөгөө талаар хэт өөрийнхөөрөө байх, уур уцаараа хянаж чадахгүйд хүрдэг учраас түргэн уурлах, чанга орилж, өөрийгөө илэрхийлэх нь бий.
Нэг талаар эцэг, эхдээ дургүй байвч нөгөө талаас тэднээс тусламж авахыг хүснэ. Зарим үед дуугаа хурааж, ганцаараа байхыг илүүд үзнэ. Энэ үедээ тэд сэтгэл зүйн ачааллаа багасгахыг хүсдэг. Бусадтай ярилцаж чадаагүй, өөрийгөө илэрхийлээгүйдээ өөртөө сэтгэл хангалуун бус байдаг ч энэ үеийг тэд өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг зохиож, дуу хөгжим сонсож, зураг зурах байдлаар даван туулах магадлалтай.
Зөвлөгөө:
• Энэ үед хамгийн чухал нь хүлээцтэй хандах юм шүү, эцэг, эхчүүд ээ. Тэдэнд зааж зааварласан сургамж өгөөд ч хүссэнээр тань өөрчлөгдөхгүй байж болох юм. Энэ насны хүүхдүүдэд юмыг ойлгуулах, хэлсэн ярьсан зүйлийнхээ үнэн гэдгийг ухааруулах, хэцүү байдаг. Тиймээс аливаа өөрчлөлт хийхээр яаралгүй, цаг хугацааны явцад үр дүн гарахыг нь хүлээгээрэй.
• Хүүхдүүд эцэг, эхээсээ суралцдаг. Хаана, хэнтэй, яаж харьцах хэрэгтэйг мөн л танаас сурна. Тиймээс та өөрийн зөв харилцаа, хандлагаар үлгэр дуурайл үзүүлээрэй. Тэдэнд заахаасаа илүү зөвлө. Бас хүүхдүүдээ чин сэтгэлээсээ сонсоорой. Танд итгэх болно. Тэднийг бусадтай бүү харьцуул, таны хүүхэд цор ганц учраас байгаагаар нь хүлээж ав. Өөртөө итгэлтэй, эерэг хандлагатай иргэн болоход эцэг, эхийн дэмжлэг чухал байдгийг анхаараарай.
Хэрэв та гэр бүлд тохиолддог бэрхшээлтэй асуудлынхаа тухай мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл bichita@mongolnews.mn хаягаар захидал бичээрэй.
Ж.СОЛОНГО