Дөрөвдүгээр сарын 15
- Өнөөдөр бол жилийн 105 дахь өдөр бөгөөд он дуустал 260 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +3 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ. Шөнөдөө хур хунадас орох бол өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 9, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2008.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.00, юань 310.00, вон 1.75 төгрөг байна.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт "Техник импорт" гаалийн хяналтын бүсэд импортын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг импортлох үеийн хяналт, хэрэглээ, аюулгүй ажиллагаа, ахуйн хийг хэрэглэх үед гарч болзошгүй эрсдэл, хадгалалт, хяналт багажилт шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзүүлэх сургалт зохион байгуулна.
- 11.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- ОХУ-ын Екатеринбург хотноо болсон ЕБС-ийн сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг"-ийн тэмцээний шилдэг 32 багийн "Супер финал"-ын тэмцээнээс Монгол Улсаас анхны медаль, анхны хүрэл медалийг хүртсэн Д.Лхагваа багштай СХД-ийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн баг тамирчид өглөө 06.48 цагаас Улаанбаатар хотноо буух гэж байна.
- Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 4 дүгээр зөвлөгөөн 09.00 цагаас МҮЭСТО-д зохион байгуулагдана.
- Чингэлтэй дүүргийн Оёдолчдын 3 дугаар зөвлөгөөн 11.00 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ.
- Өглөөний 10.00 цагт Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн, Гамшгийн Эсрэг Үндэсний Төв, МБОИЗ хамтран Туул голын тулгамдсан асуудлаар Сонсголонгийн Гүүрний баруун талд, хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
- Монголын Хуульчдын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитраас бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх болон арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар 10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 402 тоотод мэдээлэл өгнө.
- 14.00 цагаас Гааль татварын ерөнхий газар, Сангийн яамнаас хамтран зохион байгуулдаг EBARIMT.MN СУГАЛАА-ны азтанууд болон түүний талаархи мэдээллийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй хүргэнэ.
- Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 10.00 цагаас Хүндэт харуулын 032 дугаар анги / Офицеруудын ордноос цайз орох замд / дээр болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Эрхээ хамгаалъя” ТББ-аас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрын асуудлаар нотлох баримт бүхий шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Дэлхийн урлагийн өдөр.
- Мөн өнөөдөр Хойд Солонгост Нарны баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр бол Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ир Сены мэндэлсэн өдөр аж.
- 1990 оны энэ өдөр Английн алдарт жүжигчин, “Харри Поттер” цувралын Хармонигийн дүрээр олонд танигдсан Эмма Ватсон мэндэлжээ.
- 2014 онд Зүүн Хойд Нигерт ахлах сургуулийн 276 эмэгтэй сурагч Боко Харам гэх террорист бүлэгт барьцаалагдсаныг албан ёсоор зарлажээ.
- 1989 онд Хятадын Бээжин хотноо Тяньаньмэний талбайд хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид хятадад ардчилалыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал цулаан болон суулт хийсэн бөгөөд түүнийг БНXАУ-ын удирдлага Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган дарсан байна.