Энэ хавар манай улсын хэмжээнд 36200 сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөнө. Тэдэнтэй өмнөх оны төгсөгч нийлээд 40-өөд мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. Тэдний 80 хувь нь шалгалт өгөхөөр бүртгүүлээд буй аж. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийг хоёрдугаар сарын 15-наас бүртгэж эхэлсэн агаад энэ сарын 25-ны 18.00 цагт дуусна. Бүртгүүлэгчид тавдугаар сарын 15-наас хойш Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаас суудлынхаа хуваарийг үзэх боломжтой.
Их, дээд сургууль, коллежид элсэн суралцах шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүн бүр Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу заавал монгол хэл, бичгийн шалгалт өгнө. Өнгөрсөн жил монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авсан бол энэ жил нэг л удаа авах юм байна. Энэ шалгалтад 400-гаас дээш оноо авч байж, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь хүчинтэй болох юм.
Өнөө жилийн бас нэг онцлог нь монгол, орос, англи хэлний шалгалтын материал дунд шалгуулагчийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар нэмэгджээ. Тэгэхээр хэлний шалгалт өгөх сурагчид англи, орос, монголоор ярьж буй хүний яриа сонсгоод хэр ойлгож буйг нь шалгах нь. Үүнтэй холбогдуулан шалгалт авах анги танхимуудад бичлэг сонсгох тоног төхөөрөмж байрлуулах аж.
Х.БОЛОР