Хэнтий аймагт жоншны уурхай ажиллуулдаг иргэн А-гийн гомдолд үндэслэн, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд “Мунзуй” хочтой Г.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иргэн А-гийн хятадуудтай хамтарч байгуулсан уурхайн орчуулагч өвөрмонгол эр Баатар болон хэсэг залуутай Г.Нямдорж хамтран, тэндхийн хятад, монголчуудыг дарамтлан “Тоног төхөөрөмжөө өг, эндээс зайл” хэмээн дөрвөн удаа дарамталсан гэх гомдол цагдаагийнханд ирсэн аж. Г.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн 149.3-т заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэх үндэслэлээр мөрдөн байцааж байгаа гэнэ.
Энэ хэргийг нь шалгаж байх үед бас нэг эмэгтэй “Г.Нямдоржид зодуулсан” хэмээн дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Уг эмэгтэйг Баянгол дүүргийн нутаг дахь 10 дугаар хорооллын замд явж байхад нь Г.Нямдорж “Зам тавь” хэмээн нэг бус удаа цохисон гэнэ. Уг хэргийг нь бусдын эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгт нь нэгтгэн шалгуулахаар ЭЦГ-т шилжүүлснийг прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлэв.
Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай хутга зөрүүлсэн гэх дуулиан дэгдээснээс гадна 2011 онд мөрийтэй тоглож байхдаа хүн зодсон, 2008 онд хорих ангиас суллагдсаныхаа дараа бусдыг дарамталсан хэрэгт шалгуулсан. Тэр үедээ БНСУ руу яваад цагдаагийн нөлөө бүхий удирдах албан тушаалтантай тохиролцоод эх орондоо буцаж ирэн, хэргүүдээ хэрэгсэхгүй болгуулсан гэх мэдээлэл бий.
Г.РАВЖАА