Урьд шөнө цас орж, зарим нутгаар цасан шуурга эхэлсний улмаас хойд чиглэлийн замын нөхцөл хүндэрчээ. Баянчандмань, Баруунхараа сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд цасанд сууж, зам даваанд халтиргаа гулгаа үүсээд байна.
Баруун чиглэлд Төв аймаг Лүн сумын нутагт замын нөхцөл хүндэрч, халтиргаа үүссэн тул тээврийн хэрэгслүүд шарвах, гулгах зэргээр замын хажуу руу орсноос цасанд сууж саатаж байна. Мөн Солонготын даваа хаагдаж, зорчих боломжгүй болоод байгаа аж. Өнөөдөр болон маргааш цасан болон шороон шуурга үргэлжлэх тул онцын шаардлагагүй үед хөдөө орон нутгийг зорихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Түүнчлэн зайлшгүй шаардлагатай тохиолдолд шатах, тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замд гарахыг зөвлөжээ.