Дуучин Нара буюу М.Нарантуяа сүүлийн саруудад гамшгийн хэмжээнд хүрээд байгаа Улаанбурхан өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн өргөдлөө Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад өглөө. Тэрээр Улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдэж, олон хүүхэд хорвоог орхиж байгаа нь улс орны санаа зовоосон асуудал болоод байгааг дурдаад олон нийтийн дунд тус өвчний талаарх үнэн бодит мэдээлэл байхгүй байгааг харгалзан тус хүсэлтийг илгээж байгаагаа мэдэгдлээ. Мөн 2014 онд уг өвчний эсрэг дархлаажуулалтын хувь 98-тай гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өгсөн харин 2015 дархлаажуулалтын мэдээлэл байхгүй байгааг тодруулахаар болжээ.
Тиймээс энэ талаар түүнээс тодрууллаа.
-Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас Улаанбурхан өвчний талаарх тодорхой мэдээллийг хүссэн албан бичгийг өглөө. Хүсэлт хүргүүлж байгаа шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-Улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад Төр засаг анхаарал тавихгүй, дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь сэтгэл зовоож байгаа учир Монгол Улсын иргэнийхээ хувьд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гуайгаас мэдээлэл хүсэх журмаар албан бичиг хүргүүллээ. Учир нь он гарснаас хойш 0-5 насны 427 хүүхэд, 5-аас дээш насны 497 хүүхэд энэхүү өвчний улмаас нас барсан гэх тоо баримт байхад ямар ч арга хэмжээ авсангүй. Энэ бол зөвхөн фэйсбүүк, олон нийтийн сүлжээгээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа эхчүүдийн асуудал биш, улс орны ноцтой асуудал болоод хувирсан байхад яагаад тоохгүй байгаа юм бэ гэдэг дээр хариулт авахыг хүсэж байна.
-Ямар асуудлуудыг дэвшүүлэн тавьсан бэ?
-Нэгдүгээрт, 2010-2015 оны хооронд хичнээн тун викциныг ямар компаниуд нийлүүлсэн бэ? Вакцины тоо хэмжээ, чанарт ямар байгууллага хяналт тавьж ажилладаг вэ?
Хоёрдугаарт, Вакцинжуулалтыг Эрүүл мэнд, спортын яамны ямар нэгж, байгууллага хариуцан зохион байгуулдаг вэ? Вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэний мэдээллийн нэгдсэн сан гэж байдаг уу? Байдаг бол олон нийтэд нээлттэй болгоно уу?
Гуравдугаарт, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг зохион байгуулсан бэ? Урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргасан уу? Хэрэв гаргасан бол хэр их хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ? Гэх мэтчилэн.
Яагаад гэвэл иргэдийн дунд маш их хардлага байна. 2010-2015 онуудад улаанбурхан өвчний урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо маш өндөр хувьтай байна. Тухайлбал, 2014 онд 98.3 хувь нь вакцинд хамрагдсан байдаг. Гэтэл яагаад 0-5 насны хүүхдүүд олноороо өвчилж байгаа юм бэ? Эдгээр хүүхдүүд вакцинд хамрагдсан байв уу эсвэл вакцинд хамрагдсан хэрнээ эндээд байгаа юм бэ? гэсэн асуудлууд иргэдийн дунд хардлага төрүүлж байна.
Түүнчлэн улаанбурхан өвчнөөр зөвхөн хүүхдүүд биш 50-аас дээш насныхан ч мөн адил олноор өвчилж байгаа юм. Уг нь миний олж мэдсэнээр 7-21 хоногт эрчимтэй арга хэмжээ авбал тархалтыг бууруулах, цаашлаад бүрэн зогсоох боломжтой юм билээ. Энийг салбарын мэргэжилтнүүд мэддэг л байх ёстой. Тэгсэн хэрнээ зүгээр хараад зогсоод байгаа нь багагүй бухимдуулж байна.
