Ердөө хоёрхон жилийн өмнө буюу 2014 оны 6 сард Монгол Улс Улаанбурхангүй Монгол болсноо зарлаж байсан. Гэтэл өнөөдөр энэхүү өвчлөл нь улс орон даяар гамшгийн хэмжээнд хүрч олон хүний амийг авч одлоо. Үүний дийлэнх нь 0-5 насны хүүхдүүд байгаа бөгөөд улс орон даяар нэмэлт вакциныг эрчимжүүлэн хийж байгаа юм.
Mommy Central буюу ээжүүдийн фэйсбүүк группт ээжүүд ой хүрээгүй хүүхдүүдээ улаанбурхан өвчний улмаас алдаж байгаагаа бичсээр байна. Гэтэл Эрүүл мэнд, спортын яамнаас Улаанбурхан өвчнөөр хэдэн хүүхэд эндсэнийг олон нийтээс нууцалж байгаа нь нийгмийг багагүй бухимдуулаад байна. Саяхан Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2015 онд 101 хүн тус өвчнөөр өвчилсөн бол 2016 оны эхний гурван сарын байдлаар 15540 хүн өвчилсөн нь 5 жилийн дунджаас 5 дахин их байгаа аж. Үүнээс 61 хүн амь насаа алджээ.

