Улаанбурхны дэгдэлт энэ онд эрчимтэй нэмэгдэж, зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд 61 нас барснаас 59 нь бага насны хүүхэд байсан. Энэ талаарх тоо баримтыг өнөөдөр ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа 14.00 цагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн.
ХӨСҮТ-ын төвд хүүхэд нь хэвтэж эмчлүүлж буй эцэг эхчүүдийн мэдээлснээр зөвхөн дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө тус эмнэлэгт улаанбурхан өвчний улмаас гурван хүүхэд нас барлаа хэмээн мэдээлж буй.
Байдал ийм ноцтой болчихоод байхад Засгийн газар, хариуцсан яам, эрүүл мэндийн байгууллагууд хөл хорио тогтоож, яаралтай арга хэмжээ авахгүй байна гэж үзсэн ээжүүд цахим ертөнцөд нэгдэж, "Бойтогтой жагсаал" хэмээх жагсаал зохион байгуулахаар товлоод буй. Энэ сарын 16-нд болох жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга Сумитра Махажан энэ сарын 18-22-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхтэй холбоотойгоор "Бойтогтой жагсаал" хийх зөвшөөрлийг зохих байгууллагууд олгосонгүй.
"Бойтогтой жагсаал" нь тайван жагсаал бөгөөд уг өвчний улмаас амиа алдсан үрсийн төлөө зул өргөн, эмгэнэл илэрхийлэх аж.