Энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгаа аж.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
Мөн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагт авто машины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны Баасан гарагт авто машины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй.
Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглох аж.
