Иргэдийг төөрөгдүүлж, мэхлэн онц их хэмжээний хохирол учруулсан гурван хүнийг Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс орон даяар эрэн сурвалжилж байна.
Ж.Туяа гэдэг 1971 онд төрсөн эмэгтэй “Авгад сүлдтэн” компанийн захирлаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд барьж буй 20 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийвэл ашгийнхаа 50 хувь болон хямд үнэтэй байр олж өгнө хэмээн 10 гаруй хүнийг залилсан хэрэгт сэжиглэгдэж буй гэнэ. Тэрбээр иргэн Б.Даваабаатар, Б.Цагаандарь, Н.Өүлэн нартай хамтарч бусдад 300 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгуулж байхдаа мөрдөн байцаалтаас оргосон байна.
Дээрх хэлтсээс эрэн сурвалжилж буй хоёр дахь хүн Б.Түмэндэмбэрэл нь 1987 онд төрсөн эмэгтэй. Тэрбээр нөхөр Т.Дамдиндоржтойгоо хамтран Япон, БНСУ-аас хямд машин авахад нь зуучилна хэмээн “Гүн бэйс”, “Дэлхийн тамга”, “Монголиа автожапан” гэх компани байгуулан 141 иргэнээс 2.9 тэрбум гаруй төгрөг залилан авсан хэрэгт сэжиглэгдэж буй аж. Түүний нөхөр Т.Дамдиндоржийг Туркт золгүйгээр амиа алдсан гэдэг ч хохирогчид нь үүнд итгэдэггүй.
Эрэн сурвалжилж буй гурав дахь хүн бол 1978 онд төрсөн Ц.Баянбилэг. Түүнийг Б.Урансайхан, Б.Оюунчимэг нартай хамтран аж ахуйн нэгжүүдэд “Барилга нураах тендер олж өгнө” хэмээн 50 гаруй удаагийн үйлдлээр 1.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэрдэж буй гэнэ.
Дээрх гурван хүний талаарх мэдээллийг МБГ-ын 51266924, 93266924 дугаарын утсаар авч, мэдээллийн нууцыг чандлан хадгална гэдгээ тус газрынхан илэрхийллээ.