Нийслэлийн Авто замын газраас 8.5 тэрбум төгрөгийг зөвхөн хашлага, хайс солиход зарцуулна гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ. Тодруулбал, 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт зохион байгуулахтай холбогдуулж энэ оны нийслэлийн авто зам барилгын ажлыг өмнөх жилүүдийнхээс эрт эхлүүлсэн. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс баригдаж ашиглалтад орсноос хойш нормт хугацаандаа дунд болон их засварын ажил хийгдээгүй, 8-40 жил ашиглаж байгаа Гандийн гудамжны 1.6 км авто замын шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто замын шинэчлэлт, Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг эхлээд байна. Мөн Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих, Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг нийт 6 зам, замын байгууламжийн ажилд нийт 8.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.