21 дүгээр зууныг сансар, огторгуйн эрин зуун хэмээн дэлхий нийтээрээ тодорхойлж байна. Манай улс 2017 онд сансарт өөрсдийн анхны хиймэл дагуулаа хөөргөнө. Гэхдээ ухаалаг хиймэл дагуулыг бүтээж, хөөргөх зардалд 225 мянган долларын санхүүжилт шаардлагатай байгааг энэ томоохон ажлыг хариуцаж байгаа Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн, судлаачид хэлж байна. Үүний 50 мянган долларыг нь олон нийтийн хандив, дэмжлэгээр цуглуулахаар болжээ.
Япон улсад сурч байгаа монгол оюутнууд хааш хаашаа 10 см хэмжээтэй, 1 литрийн эзлэхүүнтэй бичил хиймэл дагуулыг бүтээж, сансарт хөөргөхөөр төлөвлөжээ. 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах, агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох гээд олон мэдээллийг тэдний бүтээсэн бяцхан хиймэл дагуул илгээх юм байна.
Хиймэл дагуулыг дэлхий дахин маш олон төрлийн зориулалтаар ашигладаг. Жишээ нь, Япончууд загас агнуурын мэдээллээ хиймэл дагуулын тусламжтай авдаг. Хаана их загас байгааг төвөггүй мэдчихдэг гэсэн үг. Газар тариалан хөгжсөн улс орнууд аль байршилд хортон шавьж байна, ойрын хэдэн сард ган гачиг болох нь уу гээд бүх л мэдээллээ хиймэл дагуулынхаа тусламжтай авч, ажлаа төлөвлөдөг.
"NAMSUT 1 U" нэртэй хиймэл дагуулыг бүтээх зардлыг задлаад үзвэл газрын станц байгуулах 125 мянган долларыг Засгийн газар, харин үлдсэн 100 мянган долларын тал хувийг нь МУИС гаргана. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа 50 мянган долларыг олон нийтийн хандиваар босгохоор болжээ.
Товлосон ёсоор ирэх онд анхны хиймэл дагуулаа сансарт амжилттай хөөргөчихвөл хоёр жилийн дараа дахиад бас нэг хиймэл дагуулаа хөөргөнө. Энэ бүхний үр дүнд бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй чухал зүйл болох Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдлээс урьдчилан сэргийлдэг болно гэсэн үг юм. Одоогоор Монгол Улс энэ бүх мэдээллийг хиймэл дагуултай бусад улс орнуудаас худалдан авч байна. Тиймээс олон нийтийг Монгол Улс анхны хиймэл дагуултай болох үйлсэд дэмжлэг үзүүлэхийг тэд хүсч байсан юм.