АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 11-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсноо мэдэгдсэнтэй зэрэгцээд оронд нь хэн томилогдох бол гэсэн хүлээлт үүсэж, ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, ОБЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаяр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав зэрэг хэд хэдэн хүний нэр яригдах болсон. Гэвч дээрх хүмүүсийн алиных нь ч нэрийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлээгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ойр эх сурвалж Н.Ганболд хүсэлтээ хүргүүлсэн өдөр “Н.Ганболдын хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авахаар болсон.
Харин оронд нь дээрх хүмүүсийн алийг нь ч бус, хууль сахиулах, аюулгүй байдлын чиглэлийн шал өөр хүн томилохоор судалж байгаа” гэсэн мэдээлэл өгч байсан. Тийм хүний нэг нь ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал А.Дулаанжаргал байх магадлалтай. Түүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Түүнийг БНСУ-д суух Ерөнхий консулаас эгүүлэн татаж, эх оронд нь ирүүлсний дараахан ЦЕГ-ын даргаар томилох гэж байна гэсэн “бор шувуу” нэг хэсэг ниссэн.
Гэвч түүнийг ЦЕГ-ын даргын албан тушаалд томилоогүй, харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референтээр ажиллуулах болсон юм. Бригадын генерал А.Дулаанжаргалыг АТГ-ын даргаар томилох магадлал өндөртэй гэдгийг олон эх сурвалж хэлж буй ч МАН-ын гишүүнчлэл нь саад болох магадлалтай гэх хүн ч байна.
А.Дулаанжаргалаас гадна АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрийн нэр бас дуулдаж буй юм. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, УМБГ-ын даргаар цагдаагийн хурандаа цолтой ажиллаж байсан түүнийг болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг тус тусынх нь одоогийн албан тушаалд томилоход Б.Хурц нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэр ч утгаараа Ө.Энхтөр АТГ-ын даргын албан тушаалд томилогдохыг байг гэхгүй хэмээн ярих хүн олон байна.
Г.РАВЖАА