ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав гаргасан гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцийг шуугиулаад авав. Хууль зүйн сайд саналаа мэдээж Засгийн газрын тэргүүнд өргөн барина. Гэвч ЗГХЭГ болон Ерөнхий сайдын ажлын албаныхнаас Р.Чингисийг өөрчлөх хүсэлт ирсэн, эсэх талаар 18.00 цагийн үед лавлахад “Хууль зүйн сайд одоогоор тийм хүсэлт ирүүлээгүй” гэсэн хариу өгсөн юм.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Сонин юм их болох нь дээ. Авлига, албан тушаалын булхайтай тэмцэх үү? Хууль, шударга ёс байх уу” хэмээн жиргэж, байр сууриа илэрхийллээ. Д.Дорлигжав Хууль зүйн сайд болмогцоо Р.Чингисийг өөрчлөх гэж оролдсон ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрх мэдлийнхээ хүрээнд агентлагийнхаа даргыг томилсон. Тиймээс өөрчлөх боломжгүй” гэсэн хариу өгч байсан гэх яриа цагдаагийнхны дунд байдаг.
Түүнээс гадна АТГ-ын даргын нэрийг ирэх даваа гаригт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон тухай мэдээлэл ч бас дуулдаж байна.
Г.РАВЖАА